Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал болов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 09:43:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын нийт үйлдвэр, компанийн удирдлагад өвлийн бэлтгэл ажлаа 10 дугаар 1-ний дотор дуусгахыг үүрэг болголоо.

Мөн төлбөр, тооцоонуудыг эрэмбэлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзлэгийг сард нэгээс доошгүй удаа хийх, орон нутгийн болон төрийн өмчит дулааны станцуудын одоогийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох ажлын хэсэг томилох, томоохон төсөл хөтөлбөрийн ажлыг эрчимжүүлэхийг даалгасан. Ингэхдээ "Ковид-19” цар тахлын үеийн онцгой дэглэмийг сахиж, “Тавантолгой Түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хугацаанд нь дуусган, үйлдвэрлэлийн осол гаргахгүй ажиллахад онцгой анхаарч, өглөг, авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэхийг эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагын өргөтгөсөн шуурхай цахим хурлын үеэр онцлов.

Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 43 байгууллага, сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ний эх үүсвэрийн удирдлагууд оролцож, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, үйлдвэр компаниудын өр авлага, зардал бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралд гүйцэтгэх захирлууд биечлэн оролцохыг сайд Н.Тавинбэх анхааруулаад цаашид хэвийн горимд ч өргөтгөсөн шуурхай хурлыг тогтмол цахимаар зохион байгуулах нь эдийн засгийн үр өгөөжтэйг сануулав.

 

Холбоотой мэдээ