Хүн төрөлхтний гол айдсуудыг нэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-22 17:02:59

НҮБ. /TASS/. Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлт, авлига, ядуурал болон мөргөлдөөнөөс эмээж байна гэж “НҮБ 75: Бидний хүсэж буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ” судалгаанд дурдсан байна. НҮБ-ын 75 жилийн ойд зориулан явуулсан уг судалгааг даваа гарагт нийтэлжээ.


Судалгаанаас харахад түүнд оролцогчдын 49 хувь нь манай гаргийн экологийн байдал улам дордоно гэж үзэж байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь авлигын нөхцөл байдал улам муудна гэж үзжээ. Харин  87 хувь нь эдгээр бэрхшээлийг даван туулахад, түүнчлэн цар тахалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүс богино хугацаанд эн тэргүүнд шаардлагатай байгаа хэрэгцээгээр "эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цэвэр ус, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, боловсролын хүртээмж"-ийг нэрлэжээ. "Эрүүл мэндийн салбар бол хүмүүсийн ойрын 25 жилд сайжирна гэж үзэж байгаа салбаруудын нэг юм. Санал асуулгад оролцогсдын 72 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ирээдүйд энэ хэвээр үлдэнэ эсвэл сайжирна гэж үзэж байна” гэж судалгааг явуулсан мэргэжилтнүүд мэдээлсэн байна.


Судалгаанд оролцогчид мөн ядуурал, тэгш бус байдал, ажилгүйдэл зэргийг арилгахад илүү их эв санааны нэгдэлтэй байхыг хүсэж байгааг тэмдэглэжээ.


Үүнээс өмнө НҮБ шинэ цар тахлын талаар анхааруулсан юм. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, сая сая хүн эрүүл хоол хүнс хэрэглэх боломжгүй болж буй нь дэлхий даяар таргалалтын асуудлыг улам даамжруулж болзошгүй байна. Хэрэв арга хэмжээ авахгүй бол ойрын арван жилд дэлхийн эрүүл мэндийн зардал жилд 1.3 их наяд доллароос давна гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Эрүүл, тэжээллэг хоол хүнсийг хэдийнээ гурван тэрбум хүн хэрэглэх боломжгүй болсон байна.


Холбоотой мэдээ