Project Syndicate: Ё.Сүга геополитикийн тэнцвэрийг барьж чадах уу?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-09-22 17:09:27

8 дугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт огцорсноор түүнээс өвлөгдөж үлдэх зүйлүүд нь олон асуудал үүсгэлээ. Тухайлбал, Хятад ба АНУ-ын хооронд үүссэн түгшүүртэй байдал аюултайгаар даамжирсан тохиолдолд шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүга хоёр их гүрний дунд геополитикийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн Абэгийн бодлогыг үргэлжлүүлж чадах уу? Ё.Сүга-гийн өмнө тулгарч буй энэ тулгамдсан асуудлын талаар Claremont McKenna коллежийн Улс төр судлалын тэнхимийн профессор Миншин Пей (Minxin Pei) Америкийн “Project Syndicate” мэдээллийн байгууллагын цахим хуудсанд бичжээ.


Японы энх амгалан амьдрал, хөгжил цэцэглэлтэнд АНУ, Хятад хоёр асар чухал үүрэгтэй. АНУ бол Японы хувьд аюулгүй байдлын баталгаа болдгоос гадна худалдааны хоёрдахь том түнш нь юм. Харин Хятад бол Японы худалдааны хамгийн том түнш бөгөөд хөрш улс. 2012 оны 12 дугаар сард ерөнхий сайдаар дахин сонгогдсон Абэ тус хоёр улстай тогтоосон харилцаагаа тун ч эв дүйтэйгээр зохицуулсаар ирсэн билээ.


Харин Д.Трамп “Америк-Японы худалдаа нээлттэй биш, чөлөөтэй биш байна” гэж хэдэнтээ шүүмжилж, Япон дахь Америкийн цэргийн зардалд нэмэрлэж буй мөнгөө 4 дахин нэмэгдүүлэхийг Японоос шаардаж байсан боловч Абэ Америкийн Ерөнхийлөгчтэй дотно найрсаг байхыг аль байдгаараа хичээж ирсэн. Тэрбээр Японд 5G сүлжээ байгуулахад Хятадын Хуавэй компанийг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг чимээгүйхэн гаргасан нь Трампыг ихэд баярлуулав.  


Үүний сацуу Абэ БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй хэлхээ холбоогоо өргөжүүлж, 2018 оны 10 дугаар сард Бээжинд айлчилснаар хоёр талын харилцаан дахь “мөсийг хайлуулж” чадлаа. Энэ нь 7 жилийн хугацаан дахь анхны дээд хэмжээний уулзалт байв. Америк-Хятадын харилцаа чөлөөт уналтын хурдаар огцом уруудаж буй энэ үед Ши Жинпинь Абэгийн гар сунган өгсөн чидүн жимсний модны мөчрөөс зуурч аваад энэ оны 4 дүгээр сард Японд төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байлаа. Энэ нь 2008 оноос хойш Хятадын удирдагчийн Японд хийх анхны айлчлал байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. 

Ш.Абэгийн Бээжинд хийсэн айлчлал. 2018 оны 10 дугаар сар


Тэгэхээр улам бүр даамжирч буй АНУ-Хятадын сөргөлдөөний явцад нэг талыг дэмжихээс зайлсхийх нь Сүга-гийн хувьд маш төвөгтэй болж байна. Ойрын үед тэрбээр Ши Жинпиний хойшлогдсон айлчлалын талаар шийдвэр гаргах ёстой. Уг айлчлалыг эсэргүүцэж буй хүмүүс Сүгагийн тэргүүлдэг Либерал-Ардчилсан нам дотор маш хүчтэй байгаа. Энэ нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай маш хатуу хуулийг саяхан Хятадын засгийн газар гаргасантай холбоотой юм. Японд үзүүлэн маягийн төрийн айлчлал хийх нь Ши-гийн хувьд томоохон ялалт болно. Учир нь, Хятадыг хазаарлан барих гэсэн Трампын бодлого бүтэлгүйтснийг харуулах гэж Хятадын удирдагч асар ихээр хүсч байгаа.    


Айлчлалын товыг шинээр тогтооё гэсэн хятадуудын шаардлага Сүгаг гарах гарцгүй болголоо. Хэрвээ тэрбээр Хятадын хүсэл сонирхолд бууж өгөх аваас улс орныхоо дотоодод улс төрийн нэр хүндээ алдах бол айлчлалыг цуцлах нь Ши-г доромжилсон үйлдэл болж, Хятад-Японы харилцаанд хохиролтой. Тэгэхээр Японы шинэ ерөнхий сайдын хийж болох цорын ганц алхам бол айлчлалыг хойшлуулснаа зөвтгөхийн тулд байж болох бүхий л шалтгааныг тоочих явдал юм.


Үүний сацуу бэлгэ тэмдгийн шинжтэй Хятад-Японы дээд хэмжээний уулзалтын асуудал нь Америк-Хятадын сөргөлдөөний улмаас Японд учирч болох хоёр сөрөг үр дагаврын нөлөөнд дарагдан бүдгэрэх бололтой.


Юуны түрүүнд, гол чухал технологиудаа Хятадад өгөхгүй байхыг америкчууд Японд уриалах болно. Гэвч Япон улс Хятадад 38 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийчихсэн, тус улсад Японы 14 мянга орчим компани ажилладаг гэдгийг тооцож үзвээс Хятадын эсрэг авсан Америкийн хоригт нэгдэнэ гэдэг бол бодит байдал дээр япончуудад маш хүндрэлтэй.  


Сүүлийн 8 жилийн турш Абэгийн засгийн газарт ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Сүга технологийн тал дээр АНУ-ын хүсэлтийг биелүүлэхийн зэрэгцээ Хятадын дургүйцлийг хүргэхгүй байж чадах уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хэрвээ АНУ, Хятад хоёр сөргөлдөөнөө намжаах тохиролцоонд хүрч чадахгүй бол Сүга-гийн хувьд өмнөх ерөнхий сайдад тулгарч байснаас хамаагүй илүү хүндрэл бэрхшээл тохиолдох болно.  


Хоёрдугаарт, аюулгүй байдлын асуудлаар төвийг сахисан байр суурь баримтална гэдэг бол Сүга-гийн хувьд бүр ч ярвигтай асуудал. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийг эзэмших гэсэн хятадуудын санаархалд няцаалт өгөх зорилго бүхий тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтад байнга, өргөн хэмжээнд оролцохыг Америкийн тал уриалах үед “Квада”-гийн гишүүн болох Япон улс үүнийг зөвшөөрөхөөс аргагүй болно. Жишээ нь,  Хятадын зүгээс өөрийн эзэмшлийнх гэж үздэг тэнгисийн орон зайд АНУ-ын зохион байгуулсан тэнгисийн цэргийн сургуулилтад Японы шумбагч хөлөг онгоц оролцжээ. 

Японы "Курошио" шумбагч хөлөг онгоц Вьетнамын эрэгm


Ташрамд дурдахад, “Квада” /Quad/ гэдэг нь аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Энэтхэг-Номхон далайн бүлэг бөгөөд түүнд АНУ, Австрали, Япон, Энэтхэг гэсэн 4 улс багтдаг.


Японы энэ үйлдэлд Хятадын тал хатуурхаж хандаагүй нь хоёр орны харилцаа сайжирч байсантай холбоотой. Гэхдээ Абэгийн эхлүүлсэн Хятадтай ойртох бодлого бүтэлгүйтэж, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудал дээр Сүга-гийн засгийн газар АНУ-тай илүү идэвхтэй хамтран ажиллах аваас Хятадын тал Японы эсрэг хатуу байр суурь баримтлах магадлалтай. 


Нөгөөтэйгүүр, Японы нутагт Америкийн дунд зайн тусгалтай пуужингуудыг байрлуулах нь Хятад-Японы харилцааг ойрын 5-7 жилийн хугацаанд бүрмөсөн баллаж мэднэ. Эх газрын Хятадад аль болох ойрхон газарт /үүнд Япон төгс тохирно/ давшилтын зэвсгээ байрлуулах гэж Пентагоны стратегичид асар ихээр хүсч байна.


Одоохондоо эдгээр пуужинг зохион бүтээж байгаа учраас тэдгээрийг байрлуулах хүсэлтийг Японд гаргах шаардлагагүй байгаа. Гэхдээ пуужингуудыг хангалттай тоогоор үйлдвэрлээд бэлэн болгомогц тэдгээрийг байрлуулахыг Японоос шаардахгүй гэх аргагүй. Хэрвээ Японы тал шаардлагыг зөвшөөрвөл 1972 оноос хойш Хятад-Японы харилцаанд хамгийн хурц хямрал дэгдэх болно. 


Мэдээжийн хэрэг, эдгээр бэрхшээлтэй асуудлын аль нь ч Абэ, Сүга хоёрын буруу биш. Гэхдээ эдгээр нь хоорондоо сөргөлдөж буй геополитикийг тодорхойлогч хоёр том гүрний дунд хавчуулагдсан улс орны нөхцөл байдал ямар хүнд байдаг вэ гэдгийг дахин харуулж байна. Түүнчлэн дипломат харилцааны тал дээр Японы шинэ ерөнхий сайд ямархуу хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь вэ гэдгийг баримжаалан төсөөлж болно. 


Б.Адъяахүү


Эх сурвалжууд: https://www.project-syndicate.org/commentary/japan-geopolitical-balance-with-america-china-by-minxin-pei-2020-09

https://inosmi.ru/politic/20200920/248159195.html   

 

Холбоотой мэдээ