Тираннозаврын хамгийн бүрэн бүтэн араг ясыг үнэ хаялцуулна

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2020-09-18 16:13:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. Манай гараг дээр 67 сая орчим жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэл болох тираннозаврын араг ясыг “Christie's” ордонд дуудлагаар худалдах гэж байгаа тухай “The New York Times”  сонин мэдээлжээ. 


Тираннозаврын хамгийн бүрэн бүтэн араг ясад тооцогдож байгаа уг араг ясыг 10 дугаар сарын 6-нд үнэ хаялцуулахаас өмнө Манхэттенд олон нийтэд үзүүлэх аж. 188 ястай энэхүү араг яс шинжээчдийн тооцоолсноор, 6-8 сая ам.долларын үнэ хүрч зарагдаж магадгүй байна. Түүний хэсгүүдийг 1987 онд Өмнөд Дакота муж улсад малтлага хийх үеэр үлэг гүрвэл сонирхогч Стэн Сакрисон олж илрүүлжээ. Эхэндээ эрдэмтэд түүний олдворыг өвсөн тэжээлт үлэг гүрвэл трицератопсын араг ясны нэг хэсэг гэж үзэж байсан байна. Харин тираннозаврын араг яс гэдэг дүгнэлтэд 1992 онд хүрсэн аж. Араг ясыг цэвэрлэхэд 30 мянган цаг зарцуулжээ. Энэ тираннозавр нь 7-8 тонн жинтэй, Африкийн заанаас ойролцоогоор хоёр дахин том байсан бөгөөд шүднүүд нь 27 см гаруй урт байсан гэж шинжээчид таамаглаж байгаа аж.


1997 онд Чикагогийн Байгалийн түүхийн музейд болсон дуудлага худалдаагаар тираннозаврын араг яс 8.36 сая ам.долларын үнэ хүрч зарагдаж байжээ. Энэ рекордыг удахгүй болох дуудлага худалдаагаар эвдэж магадгүй гэж “The New York Times” мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ