Францын алдарт дуучин Жулет Греко 93 насандаа таалал төгслөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenezayaenkhbold@gmail.com
2020-09-24 16:54:46

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Францын шансон урсгалын бэлэг тэмдэг Жульетт Греко 80 гаруй жил үргэлжилсэн урлагийн замналаа төгсгөж, 93 насандаа нас баржээ.


Дэлхийн II дайны үед нацистуудын хорионд байсныхаа дараа тэрбээр кафе, шөнийн цэнгээний газруудаар дуулж, урлагийн гараагаа эхэлжээ. Хожим нь Жийн Паул Сартрэ, Алберт Камус зэрэг алдартай зохиолч, философичид түүнийг “урлагийн охин тэнгэр” гэж нэрлэсэн байдаг. Мөн тэрээр Жийн Коктау, Ингрид Бэргмэн, Орсон Вэллэс, Ава Гарднер зэрэг алдарт кино зохиолчидтой хамтран ажиллаж байсан авъяаслаг жүжигчин байсан юм.


Жулет Греко 1960-аад онд Францад нэр гарсан телевизийн олон ангит “Бэлфегорт” кинонд дүрээ бүтээснээр нэр алдар улам түгэх болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Жакүэс Брэл болон Жорж Брассэнс нартай хамтран “Парисын тэнгэрийн дор” дууг дуулсан нь Францын хамгийн сонгодог бүтээлүүдийн нэг болжээ.


2005 онд Берлин хотноо 60 мянга гаруй үзэгчдийн өмнө уран бүтээлээ толилуулж, Герман хэл дээрх дууныхаа цомгийг гаргасан байна. Жулет Греко амьдралдаа гурван удаа гэрлэж байсан бөгөөд жазз хөгжмийн бүрээчин Майлс Дэвистэй удаан хугацаанд хайр дурлалын харилцаатай байжээ.


Францын сонины нийтлэлд, “Жулет дуулахдаа үг бүрээ хутгаар зотон дээр зурж буй мэт хурц тод хэлж, гараа ямар ч удирдаачаас илүү эрхэмсэгээр авч явдаг нь бүхний ч сэтгэлд мөнхрөн үлдэнэ” гэж бичсэн байна.

Холбоотой мэдээ