Вакцины туршилтын үеэр илэрсэн гаж нөлөө тарилгатай холбоогүй байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-09-17 11:20:14

ЛОНДОН. /Reuters/. Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн вакцины туршилтын үеэр илэрсэн гаж нөлөө нь вакцин тарьсантай холбоогүй байж магадгүй гэж Оксфордын их сургуулийн нийтэлсэн баримт бичигт тэмдэглэжээ.


AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран бүтээсэн вакцины туршилт хэд хэдэн оронд үргэлжилж байсан боловч Их Британи дахь нэгэн сайн дурын оролцогчийн биед гаж нөлөө /хөндлөн миелит буюу нугасны үрэвсэлт эмгэг/ илэрсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-нд туршилтыг түр зогсоосон юм.


Дээрх баримт бичигт дурдсанаар, “AZD1222” вакцины туршилтад сайн дураар оролцогчдод мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тогтоох хугацаанд туршилтыг түр хугацаагаар зогсоосон байна. “Бие даасан судалгааны дүнгээс үзэхэд тэдгээр өвчин вакцинтай холбоотой эсэхийг харуулах хангалттай нотолгоо байхгүй байна” гэж Оксфордын их сургууль мэдээлжээ.


AZD1222” вакцины туршилтыг Их Британи, Бразил, Өмнөд Африкт үргэлжлүүлж эхэлсэн бол АНУ-д хараахан сэргээгээгүй байгаа юм. AstraZeneca”, Оксфордын их сургуулиас “Reuters” агентлаг дээрх мэдээллийн талаар тодруулга хүсэхэд хараахан хариулт өгөөгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ