Кенийн тэргүүн хатагтай зэрлэг амьтдыг хамгаалахад хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-19 12:54:38

НАЙРОБИ./Xinhua/.Кенийн тэргүүн хатагтай Маргарет Кеньятта дэлхийн улс орнуудад хандан зэрлэг ан амьтдыг хамгаалахад  хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа.

Тэрбээр Дэлхийн зэрлэг ан амьтны хөтөлбөрийн хүрээнд тус улсын нийслэлд болсон олон улсын чуулга уулзалтыг нээсэн байна. Тэргүүн хатагтай хэлэхдээ “байгалийн өвийг хамгаалах нь дэлхий нийтэд нэн чухал асуудал болж байгаа бөгөөд байгаль хамгаалах үйлст хүчээ дайчлах  хэрэгтэй" гэдгийг онцлон тэмдэглэжээ.  

Тэрбээр мөн цааш нь  “байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнд орон нутгийн иргэдийг эрх тэгш эрхтэйгээр оролцуулах нь өнөө үед чухал болсныг” дурдлаа.

Нийгэм, эдийн засагт нь чухал хувь нэмэр оруулдаг зэрлэг ан амьтан зэрэг байгалийн өвийг хамгаалахын тулд Африкийн орнууд идэвхтэй тэмцсээр байгаа билээ.

Кени улсын хувьд гэхэд аялал жуулчлалын салбар нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд уг салбар ДНБ-ний 12 орчим хувийг бүрдүүлж, 1 сая гаруй хүнийг шууд ажлын байраар хангадаг байна.

Дэлхийн Банкны Кени дэх төлөөлөгч Диаритоу Гае хэлэхдээ "саяхан Кенийн ерөнхийлөгч Ухуру Кеньяттагийн шийдвэрээр хууль бусаар агнасан зааны соёо болон хирсний эврийг шатаасан нь амьд амьтад бол үхсэн амьтдаас илүү үнэ цэнэтэй гэсэн санааг илтгэн харуулсан хэрэг мөн" гэжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ