Улаанбаатар-Дарханы автозамын төслийг эхлүүлэхээ илэрхийлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-16 18:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, ОХУ, Монголыг хариуцсан захирал Андре Күүсвик, Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такаш нартай цахим уулзалт хийв.

Талууд уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй зүйлийн талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Л.Халтар төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлууд, төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчид болон төслийн Зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгч ЕСБХБ-наас авч хэрэгжүүлэх, анхаарах зүйл дээр санал бодлоо хуваалцлаа. Төслийн хэрэгжилтийг түргэтгэн 9 дүгээр сард багтаан төслийн эхний багцын барилгын ажлыг эхлүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.


Европын сэргээн босголт, хөгжлийн банк төслийг эхлүүлэхэд шаардлагатай шат дамжлагуудыг гүйцэтгэхтэй холбоотойгоор ЗТХЯ болон ЕСБХБ-наас хийж байгаа болон авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар сайдад дэлгэрэнгүй танилцуулж төслийг хамгийн ойрын хугацаанд эхлүүлэх талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн талууд цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон автозамын төслүүдийн талаар ярилцав.


Холбоотой мэдээ