Монголын говьд "Mars V" төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-09-16 15:38:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газар /НШУҮИГ/-тай "Mars V" төслийн багийг дэмжин хамтран ажиллахаар болов. Энэхүү гэрээнд НШУҮИГ-ын дарга Б.Мөнх-Оргил, уг төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулав.


"Mars V" төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулах зорилготой юм.



Энэхүү гэрээг байгуулснаар НШУҮИГ-аас өөрийн харьяа дэд төвүүдэд "Mars V" төслийг танилцуулж, төслийн багийг гарааны бизнес эрхэлж буй залуучуудтай уулзуулах, судалгаа хэлэлцүүлэг хийх байраар хангах юм.



Гэрээ байгуулах үеэр "Mars V" төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаатар "2035 онд дэлхийгээс Ангараг гараг руу хүнтэй хөлөг хөөрнө. Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болсон. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлагатай. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал гэж харах ёстой.  Үүнийг дагаад геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой” гэлээ.



Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлж байгаа аж. Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн "Mars V" төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагуудад танилцуулаад байгаа аж.



“Марс-V” төсөл нь үндсэн гурван хэсэгтэй шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна. Нэг дэх хэсэгт Maрсын сургуулилтын академи. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс шал өөр уур амьсгалтай газарт хүн аваачихаар түүнд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас тэнд очих хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологио хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулна.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжих дэд бүтэц байгуулна. Энэ бол гуравдагч төсөл буюу дагуул хот. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн “Mars-V” төсөл нь дотроо үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох аж. 



Ташрамд сонирхуулахад, Сансар огторгуйн шинжлэх ухааныг дагасан технологийн дэвшил нь хүн төрөлхтний хувьд 5 дахь аж үйлдвэрийн хувьсал болно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал, 2018 оны байдлаар сансрын нийт үйлдвэрлэл 360 тэрбум ам.доллар байсан бол 2040 гэхэд 1 триллион ам.долларт хүрэх төлөв байна. Элон Маскын үүсгэн байгуулсан Space X болон Virgin Galactic, Blue Origin тэргүүтэй байгууллагууд сансрыг аялал жуулчлалын бизнес болгохоор дэд бүтэц байгуулж, пуужин хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтний дараагийн аялал өөр гараг дээр байхыг баталсаар байгаа юм.




Элон Маск /Elon Musk/ бол 1971 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч хүн юм. Тэрбээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч билээ.



Холбоотой мэдээ