Дэлхийн дулаарал цельсийн 0.50 хэмээр буурах боломжтой

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-09-16 14:51:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Мөн озоны давхаргыг хамгаалж эхэлсний 35 жилийн ойг "Амьдралыг тэтгэгч озон" уриан дор дэлхий нийтэд тэмдэглэж буй тухай БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутэррэс илгээлт гаргасныг мөн танилцуулав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд, хүмүүс хөргөлт, агааржуулалтын техник хэрэгсэл ихээр ашиглаж буй нь озоны давхаргын цоорлыг үүсгэж буй гол хүчин зүйл болж буй учир дэлхий нийтээр цахилгаан бараа, техник хэрэгслийг зүй зохистой, зөв ашиглахыг уриалж, энэ нь хүн төрөлхтнөөс байгаль дэлхийгээ, озоны давхаргыг хамгаалахад оруулж буй хувь нэмэр юм гэдгийг онцолжээ. 

"Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенцын хүрээнд "Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-оор дэлхийн улс орнуудын Засгийн газар, судлаач, мэргэжилтнүүд болон үйлдвэрийн салбарынхан хамтран ажилласны дүнд хийн хэрэглээний 99 хувийг өдгөө орлуулах бодисоор сольж байгааг дурджээ. Энэ талаар БОАЖЯ-ны Озоны Үндэсний албаны захирал Ц.Адьяасүрэн хэлэхдээ, "Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хөргөлтийн бодисыг өөр төрлийн бодисоор орлуулж хэрэгжүүлэхээр чармайж байна. Хэрэв энэ үйл ажиллагаа бүрэн амжилттай хэрэгжвэл дэлхийн дулаарал 0.50C хэмээр буурах боломжтой. Үүний үр дүнд озоны цоорхой нөхөгдөж 2060 он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж таамаглаж байгаа"-г мэдээллээ. 


Тэрээр, манай улс “Венийн конвенц” болон “Монреалын протокол”-д 1996 онд нэгдэн орж озоны давхаргыг хамгаалахад дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудтай мөр зэрэгцэн хүчин зүтгэж ирснийг тэмдэглэв. Манай улс энэ онд хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид зөв зохистой засвар үйлчилгээ хийх тухай MNS ISO 5149:2020 4 багц стандарт,  MNS ISO 817:2020 зэрэг олон улсын хэд хэдэн стандартыг үндэсний стандарт болгон нутагшуулаад байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр озоны давхаргыг хамгаалж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүн бүрийн оролцоо чухал байдгийг онцолж байв. Хүн бүр өөрсдийн хөргөгч, хөргүүртэй агуулах, зоорь, тасалгааны болон автомашины агааржуулагч, хөргүүр зэрэг тоног төхөөрөмжийг хэрэглэхгүй үед нь унтраах, цаг тухай бүр засвар үйлчилгээг хийж хэмнэлттэй ашиглах нь тэдгээрээс ялгарах хийг багасгаж буй зөв хандлага юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. 


Озоны давхаргыг хамгаалахгүй бол дэлхийн дулаарал эрчимтэй явагдсаар хор уршиг их болно. Үүний жишээ Монгол Улсад 3 жилд нэг удаа тохиолддог байсан ган жил бүр ажиглагдах болсноор илэрч буйг хэлж байлаа. Дэлхийн дулаарлын уршгаар манай улсад малын бэлчээр хомсдож, ургамлын бүтэц муудаж, ургац буурсаар байна. Мөн ихэнх нутагт үер усны аюул нэмэгдсээр байна. Иймд дэлхийн дулааралд голлон нөлөөлж буй хөргөх бодисын хэрэглээнээс зайлсхийх хэрэгцээ гарсаар байгаа аж. 


Хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс эрхлэн гаргасан “Шатамхай хөргөх бодистой харьцах засвар үйлчилгээний аргачлал: Гарын авлага”, “Озоны давхаргыг хамгаалах талаар Монгол Улсад баримтлах эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” номыг танилцууллаа. 

Г.Дөлгөөн

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ