“Цэрэгжлийн танхим дайчин алдрын булан” нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Засаг даргын санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүмүүн цогцолбор ахлах сургуулийг түшиглэн “Цэрэгжлийн танхим, дайчин алдрын булан”-г нээв.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Монгол цэргийн Нэгдсэн холбооны Төв аймаг дахь салбар холбооны тэргүүн Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн болон Зуунмод сумын удирдлагууд, Хуурай замын цэргийн командлалын Захиргаа удирдлагын хэлсийн дарга хурандаа Л.Ганбаатар, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, ахмад дайчид, Хүмүүн цогцолбор сургуулийн багш, ажилтан, сурагчид оролцлоо.
Энэхүү буланг сургуулийн орчимд байгуулснаар эх орны ирээдүй болсон өсвөр үе, сурагчдад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орны түүх, бахархлын талаар танин мэдэх, хайрлан хүндэтгэх ухамсар суулгах зэрэг олон давуу талтай гэдгийг албаныхан онцолж байна.


