Өсвөр малын махан ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-14 15:23:12

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-аас “Өсвөр мал өөхгүй мах” төслийг 2017 оноос хэрэгжүүлснээр малчид төөнөж таслах аргаар малаа хөнгөлж орлогоо нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд уг төслөөр өсвөр малын махан ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой юм. 

Тодруулбал Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд малын махны ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлээд байгаа. Орчин үед хэрэглэгчид өөх багатай зөөлөн махыг сорчлон хэрэглэдэг болсонтой холбогдуулан малыг эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж хэрэглэгчдийн хүссэн бүтээгдэхүүнээр хангахын тулд хонь, үхрийг өсвөр насанд нь төхөөрч мах үйлдвэрлэх экспортлох хэрэгтэй. Гэвч монголчууд хургыг хоёр сартайд нь бярууг 13-14 сартайд нь сугалах аргаар хөнгөлдөг энэ нь эр мал өөрийн биологийн онцлогоор огцом өсдөг үетэй давхацдаг бөгөөд сугалах аргаар хөнгөлүүлсэн мал маш их өвдөлтийг мэдэрч энэ өвдөлтийн стрессээс гарахад харьцангуй удаан хугацаа шаардагддаг байна. Харин цахилгаан соронзон долгионы багаж ашиглан зайнаас төөнөх аргаар үр дамжуулах сувгийг таслах замаар хөнгөлөх нь малд өвдөлт бараг мэдрүүлэхгүй бөгөөд бие нь эрчимтэй өсөж томроход саад болдоггүй аж. Тус аргыг малын их эмч зохион бүтээгч хөдөө аж ахуйн их сургуулийн хүндэт доктор Ч.Нилбаатарын олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд төөнөж таслах аргыг нээсэн байна. Тус аргыг түгээн дэлгэрүүлэхээр зорилтот зургаан аймгийн 12 сургагч багшийг бэлтгэсэн байна.

Ийнхүү Төв аймгийн  ХХААГ-аас Баяндэлгэр сумыг сонгож малчдыг хамруулан цахилгаан соронзон долгионы багаж ашиглан зайнаас төөнөж үр дамжуулах сувгийг таслах замаар хөнгөлөх ажлыг хийж байгаа бөгөөд 2019 онд Баяндэлгэр сумын зургаан малчны 300 гаруй хургыг энэхүү аргаар хөнгөлөн бэлчээрээр таргалуулж туршсан байна. Үр дүнд нь 7-8 сартай хурганы амьдын жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүргэж мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлж махыг нь Иран улсад экспортлоод байгаа аж. Харин энэ онд Баяндэлгэр сумын удирдлага малчдыг зохион байгуулалтад оруулж 16 малчин өрхийг хамруулан цахилгаан соронзон долгионы аргаар 744 эр хургыг хөнгөлөөд байгаа бөгөөд хурга бүрд бүртгэлийн зураасан код бүхий ээмэг зүүж, бүртгэлийн журнал хөтөлж, хургыг наймдугаар сарын эхээр эхээс нь ялган 370-400 толгойгоор нэг суурь болгож, өвчнөөс ангид аюулгүй бүсэд суурилах ажлыг хийжээ. Хургыг эхээс нь салгах нь  эм хонийг алсын бэлчээрт гаргаж хүч таргыг нь авахуулах дараачийн хээлтүүлэгт бэлтгэх нөгөө талаар хурганы цаашдын өсөлтийг түргэсгэх ач тустай гэж албаныхан онцоллоо.

Аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны мэргэжилтэн Б.Ганбаатар, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага манай улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Баяндэлгэр суманд хурга цахилгаан соронзон долгионы аргаар төөнөж хөнгөлөх ажлыг явуулсан. Энэ төөнөж хөнгөлсөн хурганы амьдын жин 37 хувиар нэмэгддэг. Махны гарц нь 81 хувь нэмэгддэг сайн талтай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртөг шингээх энэ төслүүд манай аймагт хэрэгжээд дөрөв дэх жилдээ явж байна. Уг ажил нэлээн үр дүнтэй  болж байгаа гэж аймгийн ХХААГ-аас үзэж байгаа.

Аймгийн хэмжээнд 2017 оноос хойш “Өсвөр мал өөхгүй мах” гэсэн төсөл хэрэгжүүлсэн. Түүний үргэлжлэл “Хурга” төслийн нэгэн хувилбар нь болж байгаа юм. Ер нь бол хөнгөлгөөний ажил дээр хуучин монгол уламжлалт аргыг эвдэж, орчин үеийн технологи техникийн ололт амжилтыг ашиглаж мал хөнгөлөх аргыг төөнөн засах арга хэрэглэж байна. Энэ аргын тусламжаар бид долоон  сартай хургыг махны шаардлага хангасан 17-18  сартай бярууг бас махны хэрэгцээнд экспортын зориулалтаар гаргах боломжтой гэдгийг нь сүүлийн 3-4 жилийн судалгаагаар батлагдаад бид үйлдвэрт өргөнөөр нэвтрүүлэхээр Баяндэлгэр сумыг сонгож жишиг сум болгоод 700 хурга хөнгөлж Иран улсад гаргах төлөвлөгөөтэй байна. Цаашид аймгийнхаа бүх сумыг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд улс эх орны хамарсан ажил болно байх гэж Баяндэлгэр сумынхан баяртай оролцож, идэвхтэй ажилласан” гэв.

Уг төөнөж хөнгөлөх гол арга бол тухайн хурганы үрийн сувгийг тасдаж зассанаар үр дамжих боломжгүй болж төмсөгний уураг нь задран биед шингэснээр малын амьдын жинг нэмэгдүүлэх сайн талтай байдаг аж. Иймээс төл малын махны гарцыг богино хугацаанд нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд түргэн оруулж уургийн агууламж өндөртэй, амт чанартай, зөөлөн махыг хэрэглэгчдэд хүргэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх бэлчээрийг зохистой ашиглах боломж бүрджээ.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ