Чанар, стандартын шаардлага хангаагүй шатахуун борлуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ шатахуун импортлогч ААН-үүдийн ШТС-уудад шалтгалт хийсэн талаар өнөөдөр мэдээлэв.
Шалгалтыг хамтран хийсэн УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, НМХГ, ЦЕГ, Татварын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газрын удирдлага, мэргэжилтнүүд, мөн Шатахуун хэрэглэгчдийн холбоо, "Эрчис ойл" ТӨХК, ОХУ-ын "Роснефть" компанийн төлөөлөгчийн газар зэрэг холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулсан юм.
Уулзалтаар шатахууны чанар, түгээлт, нөөцийн савны нөхцөл байдал, үнэ, зөвшөөрөлгүй худалдаа, стандартын хэрэгжилт зэрэг асуудлыг хөндлөө.
ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын хэрэгжилтийн газрын дарга Т.Батцэцэг, "Манайхаас энэ оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй 19 ААН-ийн үйл ажиллагааг ШТС-ууд дээр нь түүвэрлэн шалгасан. Шалтгалтаар шатахууны шахалтын хэмжээ, марк дугаар зөрүүгүй гарсан. Лац ломбо хөндөгдөөгүй, гэрчилгээний хугацаа зөрчилгүй, түгээгүүрийн шахалт зөвшөөрөх хэмжээнд хэвийн байсан" гэв. Мөн 20 ААН-ийн 4 агуулах, 19 ШТС-аас автобензиний 22, дизелийн түлшний 10 дээжийг тус тус түүвэрлэн авч нууц дугаараар кодлон, мөн гааль дээрээс газрын тосны бүтээгдэхүүнээс дээж тус бүр аван АМГТГ-ны Уул уурхай, газрын тосны төв лабораторид 12-14 үзүүлэлтээр шинжлүүлжээ.
Шинжилгээгээр 22 дээжний дүнгээр 10 үзүүлэлт нь хөдөлгүүрийн түлшний техникийн шаардлага MNS-0217-2017 стандартыг хангаж байжээ. "Магнай Трейд", "Монсуль", "М-ойл", "Сод Монгол групп", "Жаст ойл", "Петровис", "Нью Энержи Стар" ХХК-иудын Аи-92 бензиний дээжний октаны тоо хэмжээ нь 85.1-89.8 буюу дунджаар 88.1 хувиар тодорхойлогджээ.
Тэгвэл "Синчи ойл", "Ай Си Ай Си", "Петро Стар", "Шинэ ундрага ойл", "Номин ойл", "Шунхлай трейдинг", "Хөрс Авто сервис", "Жейм Ойл", "Шижир ойл", "Тод петролеум", "Петро жамп", "Экс ойл" зэрэг ХХК-ийн Аи-92 автобензиний дээжинд октаны тоо хэмжээ 99.3-116.9 буюу дунджаар 111.2-оор, "Шунхлай трейд" ХХК-ийн Аи-95 бензиний дээжинд октаны тоо 118.9-ээр тодорхойлогджээ. Энэ нь хөдөлгүүрийн түлшний шаардлагыг хангахгүй байна гэж гарчээ. Түүнчлэн шалгалтаар "Тэс петролиум" ХХК-ийн дизель болон Аи-92 бензинээс, "Шунхлай" ХХК-ийн А-95 бензинээс, "Синчи Ойл ХХК-ийн А92 бензинээс, "Петрожамп ХХК-ийн импортлон борлуулж буй Аи-92 бензинээс ус, лаг илэрчээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, "Тавдугаар сард хийсэн шалгалтын шинжилгээний хариу гарсан. 4 сарын өмнө хийсэн шалгалтын дагуу өнөөдөр бид шууд торгууль ногдуулах боломжгүй байна. Тиймээс нэр дурдсан компаниудад сануулж байгаа. Удахгүй дахин шалгалт хийнэ. Тэр үед шууд торгоно" гэдгээ мэдэгдлээ. Мөн хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван этгээдийн зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, нийслэлийн 22-ын товчоо болон Сонсголонгийн зам орчим, зарим ШТС-ын ойролцоо "Портер" машинаар шатахууны жижиглэн худалдаа эрхэлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-4 орчим, мөн "Портер" машинтай иргэд худалдаа эрхэлж байжээ.
Импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна гэж МХЕГ-ын улсын байцаагч, мэргэжилтнүүд хэлж байв.
Хамгийн сүүлд 9 дүгээр сарын 7-8-нд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд түүврээр шалгахад эхний дүгнэлтээр:
- "Тэс Петролуим" ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон Аи-92 авто бензиний хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
- "Шунхлай” ХХК-ийн ШТС-32 Аи-95 авто бензиний савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн.
- "Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын Аи-92 авто бензиний хоёрдугаар савнаас ус илэрсэн.
- “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогджээ.
"Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Тиймээс шатахуун худалдах байгууллагууд савны цэвэрлэгээг хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй"-г МХЕГ-ын төлөөлөл хэлсэн юм.
Үүнээс гадна “Петровис трэйдинг" ХХК дизель түлш, Аи-92, АИ-80 зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан борлуулахдаа борлуулалтын гэрээ хийдэггүй. Аюултай бараа тээвэрлэж яваа бол гэрээ байгуулж ажиллах ёстой байтал шаардлагыг биелүүлээгүй, дотоод хяналт бүрдээгүй байсныг хэллээ.
Тодруулбал, агуулах бөөний худалдаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлдэггүй, шатахуун тээвэрлэдэг жолооч нартаа аюулгүйн зааварчилгааг бүрэн гүйцэт өгдөггүй зөрчил илэрсэн. Үүгээр зогсохгүй шатахуун тээвэрлэж байгаа жолооч нар мэргэжлийн үнэмлэхгүй, тухайн машиныг барих зөвшөөрөлгүй мөртлөө жолоодсон, бүрэн бус тээврийн машин хэрэглэсэн гэх зөрчлүүд гарсан байна.
Дээрх зөрчлүүдтэй холбоотойгоор хууль бус худалдааг дэмжсэн үйл ажиллагааг таслан зогсоох, гэмт хэргийн шинжтэй эсэхийг нь шалгах ажлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэх дүгнэлтийг ШӨХТГ гаргав.
Гэрэл зургийг Т.Чимгээ