“Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-07 17:01:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.07/ зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлэхдээ, "Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал эрчимтэй өрнөж байна. Цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, шинэ туршлагыг нэвтрүүлж чадвал улс орон хөгжих боломж бий. Инновац, цахим бодлогыг эдийн засаг гэх ухагдахуунаар ойлгох ёстой" хэмээн онцоллоо.


БШУЯ-ны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл Инновац, технологийн төлөөр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулсан юм. Үүний дараа тус хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй  "Dreamers"  нэгдлийн санаачлагч Ж.Золзаяа танилцуулга хийлээ. Тус нэгдэл нь 500 гаруй гарааны компанийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуусын оролцоо, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтын шийдлийг боловсруулдаг бодлогын байгууллага болж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилготой аж. Уг нэгдлээс хууль эрх зүйн орчин, төсөв, хөрөнгө оруулалт, хүний нөөц боловсон хүчний асуудлаар хамтарч ажиллахыг Байнгын хорооны даргад уламжиллаа.


Танилцуулгын дараа оролцогчид байр сууриа илэрхийлж санал солилцсон юм. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гарааны бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг хөндөн ярилцсан. Гарааны бизнес эрхлэгчид оюуны өмчийн асуудал, төрийн албан хаагчдын хүнд суртал, хандлага, санхүүжилтийн асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон БШУЯ, МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон 50 гаруй гарааны бизнес эрхлэгч оролцлоо.

Холбоотой мэдээ