Нүүрс тээвэрлэлт хийх явцад техникийн эвдрэл, гэмтэл нэлээд гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-07 11:00:13

Ховд /МОНЦАМЭ/. Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын санал бодлыг сонслоо. 

Улсын болон аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын дагуу “Булган боомт”-оор дамжуулан нүүрс тээвэрлэлтийг нэвтрүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Мо-Эн-Ко” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Баянмөнхөөр ахлуулсан баг энэ сарын 02-ны өдөр Хөшөөтийн уурхайн нүүрс ачилтын талбай болон Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайд ажиллаж, тээвэрлэлтийн явцтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлт хийж буй зарим жолооч нартай уулзаж, тэдний  санал бодлыг сонссон юм.

Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 700 орчим тээврийн хэрэгсэл байдаг. Тэгвэл одоогийн байдлаар 28 компанийн 400 орчим жолооч тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж байна.

Эдгээр жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зарим тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх зорилгоор “Мо-Эн-Ко” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог энэ оны зургаадугаар сард байгуулсан. Тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь өдгөө 25 тэргүүлэгч, 400 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тэгвэл одоогийн байдлаар Булган боомтоор жолооч нар богино эргэлтийн тээвэр хийх замаар хоорондоо харилцаа үүсгэхгүй, солигдох зарчмаар ажиллаж байгаа бөгөөд нүүрсний тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайг ашиглаж байна. 

Өөрөөр хэлбэл, Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэсэн автомашины жолооч Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайд ирнэ. Улмаар аймгийн МХГ-ын байцаагчийн хяналт дор ариутгал халдваргүйтгэл хийсний дараа өөр нэг жолооч тухайн автомашинаар хилийн боомтод хүрэх юм. Ингээд Хятадын талаас тухайн автомашины чиргүүлийг авч хилээр нэвтэрч байгаа аж. 

Одоогийн байдлаар жолооч нарын аюулгүй байдлыг хангах хэрэгслийг тухайн компани, аж ахуйн нэгжүүд хариуцан ажиллаж байгаа. Харин ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаас хариуцан хийдэг. Тэгвэл одоогоор ариутгал халдваргүйтгэлийн ажил хангалтгүй, сул байгаа гэж жолооч нар ярив.  

Мөн энд “Мо-Эн-Ко” ХХК-ийн зүгээс тусгаарлалтын бүсэд ажиллаж буй жолооч нарын амрах түр байр буюу кемп байгуулсан. Харин тус компанид гэрээгээр нүүрс тээвэрлэлт хийж буй компаниудын зүгээс гэр кемп байгуулжээ. Тус гэр кемпүүдэд эрүүл ахуйн стандарт алдагдсан, жолооч нар амрах ая тухтай орчин бүрдээгүй гэж жолооч нар хэллээ. 

Түүнчлэн жолооч нар тээвэрлэлт хийсэн авто машиныхаа чиргүүлийг хүлээн авахын тулд зарим тохиолдолд 3-5 хоног зарцуулж, цаг хугацаа алдаж байна. Үүний зэрэгцээ тээврийн хөлсний хугацаа хоцрох тохиолдол бий. Мөн  тээвэрлэлтийн явцад хятад талаас гарч ирж байгаа автомашины бүрэн бүтэн байдал алдагдсан буюу чиргүүл эвдрэх, хаалга салах, гэрэл эвдрэх, трос тасрах, хучлага урагдах гэх мэт нэлээд асуудал үүсч байгаа гэнэ. Улмаар жолооч нар үүнийг өөрсдийн санхүүгийн боломж бололцоонд тулгуурлан засварлаж байгаа. Цаашид хилийн цаана үүссэн эвдрэлийг “Мо-Эн-Ко” ХХК-аас хариуцах зэрэг хэд хэдэн зохицуулалт хийх замаар орон нутгийнхаа жолооч нарыг дэмжин ажилахыг тэд уриалсан юм. 

Жолооч нар Хөшөөтийн уурхайгаас хилийн боомт хүртэл 300 гаруй км замыг туулдаг. Тэгвэл энэхүү авто замын тухайд сүүлийн үед  эвдрэл, гэмтэл, хагарал, нүх их хэмжээгээр үүсчээ. Тодруулбал, Барлагийн даваа хэмээх газар орчмын 20 гаруй км зам эвдэрсэн тул болзошгүй аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллага, компанийн зүгээс зам засварлах тал дээр онцгой анхаарч ажиллахыг тээвэрчдийн зүгээс хүслээ.

Өнгөрсөн 2016 онд Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын хамтран ажиллах гэрээнд тус компани болон орон нутгийн жолооч нар тээвэрлэлтийг 50 хувьтай буюу ижил түвшинд хариуцан гүйцэтгэнэ гэж заасан байдаг аж. Цаашид  жолооч нарын санал хүсэлтэд тулгуурлан энэ заалтад өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана. Учир нь Ховд аймгийн жолооч нар нүүрс тээвэрлэлтийг 100 хувь бүрэн хариуцан хийх боломжтой болсон. Хангалттай техник, ажиллах хүч байгаа тул холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд санал уламжилж, 2021 оны гэрээнд шинэчлэн тусгахаар төлөвлөж байгаа хэмээн  тус үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Баянмөнх онцоллоо.  

Холбоотой мэдээ