ШШГЕГ-ын удирдлага Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавьж буй төмөр замын ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-07 10:49:05

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Дорноговь аймгийн Зүүнбаянд барьж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын ажлын явцтай танилцаж, тус үндэсний хэмжээний томоохон төсөлд ШШГЕГ-аас оролцох боломж нөхцөлийг судалжээ.


Төмөр замын тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний анги, байгууллагууд, Монгол-Оромын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам оролцож байна. Харин туслан гүйцэтгэгчээр 50 гаруй ААН байгууллага ажиллаж байгаа аж.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбараас гадна барилга, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбарын бүтээн байгуулалтад оролцож байсан түүхтэй. Цаашид уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын ажилд түлхүү оролцох асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхээр төлөвлөөд байна.


Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд  тус төмөр зам нь Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ажээ. Мөн төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох юм байна.

 

Холбоотой мэдээ