Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүнд коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-04 11:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 537 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ээс  мэдээлэв.


Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 9 дүгээр сарын 2-нд ирсэн 83, 63, 84, 57 настай эмэгтэй нарын шинжилгээний хариу эерэг гарчээ.



Ингэснээр манай улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 310 болж байна. Нийт 296 хүн эдгэрснээс сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.


ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 14 хүн эмчүүлж байгаагаас 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна. Тус төвд ажиглалт, тусгаарлалтад 31 хүн байна.


Өчигдрийн шинжилгээнд 2020 оны 9 дүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 250 хүн /давтан/, 8 дугаар сарын 2-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 159 хүн /давтан/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, сувилалд тусгаарлагдсан 3, ажиглах байранд тусгаарлагдсан 29, тандалтын зорилгоор цуглуулсан 5 сорьц, Дорнод аймагт тусгаарлагдсан 47, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.


Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ