Нийгмийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Зуунмод суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-02 13:02:47

Төв /МОНЦАМЭ/. Нийгмийн салбарын үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын  нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 2-9-ний өдөр Зуунмод сумын зургаан багт зохион байгуулна.

Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Музей, Монгол туургатан театр, Албан бус насан туршийн боловсролын төвүүд оролцох юм.

Ийнхүү өдөрлөгөөр нийгмийн салбарын байгууллагуудын танилцуулга, нээлттэй ажлын байрны танилцуулга, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл, эрүүл мэнд, сайн дурын даатгалд хамруулах, боловсролын байгууллагад зөвлөн туслах, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр зөвлөгөө өгөх, зөөврийн номын сангийн үйлчилгээ, шинэ номын худалдаа, музейн үзмэр зэрэг үйлчилгээ үзүүлэх аж.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийх тул иргэд багийн байрандаа хүрэлцэн ирж өдөрлөгт хамрагдах боломжтой
.

 

Холбоотой мэдээ