31 тамирчин "Рио-2016" наадамд оролцох эрхээ хасуулж магадгүй

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-05-18 10:19:18

ЛОЗАННА. /BBC/. Спортын зургаан төрөлд өрсөлдөх 31 тамирчин “Рио-2016” Олимпын наадамд оролцох эрхээ хасуулж магадгүй гэж Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч /ОУОХ/ Томас Бах мэдэгдэв.

ОУОХ 2008 оны Бээжингийн Олимпт оролцсон тамирчдаас авсан дээжүүдээс 454-ыг нь сонгон авч сэргээшийн шинжилгээнд дахин оруулсан байна. Энэ шинжилгээнд хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтыг ашигласан гэж ОУОХ мэдэгджээ. Үүнээс гадна 2012 оны Лондонгийн Олимпт оролцсон тамирчдаас авсан дээжүүдээс 250-ыг нь сонгон авч шинжилгээнд оруулж байгаа бөгөөд хариуг хүлээж байна гэж тус хороо мэдэгдэлдээ дурджээ.

“Бидний авч хэрэгжүүлж байгаа эдгээр арга хэмжээ нь заль мэх гарган ялалт байгуулдаг явдалтай тэмцэж маш хүчтэй арга хэлбэр юм. Энэ нь сэргээш хэрэглэсэн тамирчдад бултах газар байхгүйг харуулж байна. Цусны дээжийг бид 10 жилийн хугацаанд хадгалах учир заль мэх хэрэглэсэн тамирчид хэзээ ч сэтгэл амар тайван байж чадахгүй. Сэргээш хэрэглэсэн тамирчдын “Рио-2016” наадамд оролцох эрхийг хассанаараа бид Олимпын наадмын шударга байдал, зарчмыг хамгаалж байна” гэж Томас Бах мэдэгджээ.

2008 оны Бээжингийн Олимпт оролцсон тамирчдад 4500 гаруй шинжилгээ хийснээс 9 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ