Бэлчээрийн тал хувь өвөл, хаварт хүрэлцээтэй гэж тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-01 17:10:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв аймгийн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлон, тал хувь нь өвөл, хаварт хүрэлцээтэй гэж үзжээ.

Зуншлага өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд хэвийн сайн, 10 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байсан байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 31,0 хувь бэлчээрийн нөөцтэй, 23,0 хувь бэлчээр хүрэлцээтэй байна. Харин бэлчээрийн 36,0 хувьд даац 1-3 дахин, 4,0 хувьд 3-5 дахин, 6,0 хувьд олон дахин хэтэрсэн гэж үнэлжээ. Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар тодорхойлоод байна.

Рашаант, Баяннуур, Гурванбулаг, Могод, Хангал сумын ихэнх, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр сумын зарим багийн нутагт бэлчээрийн даац хэтэрч гарсан байна. Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байгаа талаар Ус, цаг уур орчны шинжилгээний байгууллагаас анхааруулсан байна.

Холбоотой мэдээ