Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-28 22:17:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар дүгнэлтийг сонслоо.


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд дүгнэлтийг танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дунд суудлын хуралдаанаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.”, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэснийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргажээ.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Холбоотой мэдээ