Боловсролын байгууллагууд сурагчдаа хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-28 17:38:47


Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр нар 2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажилтай танилцлаа. 


Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн  1-12 дугаар ангид нийт 17799 хүүхэд суралцана. Харин цэцэрлэгт гурав хүртэлх настай хүүхдийг хамруулахгүй, 3-5 хүртэлх насны хүүхдийг хамруулах бөгөөд тэр дундаа таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

"COVID-19" цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн үед хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэг, сургуулиудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хичээл сургалтын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтыг хийж байгаа юм.

Тухайлбал сурагчдын бөөгнөрлийг багасгах үүднээс сургууль, цэцэрлэг рүү орох, гарах хаалга тусдаа байх бөгөөд сурагчдыг ороход нь халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгах юм. Мөн сургууль, цэцэрлэг бүрт тусгаарлах өрөөг бэлтгэжээ. Ийнхүү аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд сурагчдаа хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсан талаар албаныхан онцоллоо. 

Дэлхий нийтийг хамраад буй аюулт цар тахалтай энэ үед эцэг эхийн оролцоо чухал байгаа бөгөөд хүүхэддээ анги дээр идэж, уух зүйлс өгч явуулахыг хориглох аж. Харин амны хаалт, ариутгагч бодисоор сайтар хангах шаардлага байгаа бөгөөд бохир болон цэвэр амны хаалтыг ялгаж хийх уут зэргийг бэлдэж өгөх нь чухал байгаа талаар боловсролын салбарын удирдлагууд сануулж байна.

Холбоотой мэдээ