Самар түүх хуулийн хугацаа 9 дүгээр сарын 15-наас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-26 18:13:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самар түүх улирал эхэлж байгаа энэ үед хуш модны самрыг хэрхэн зөв түүж бэлтгэх талаар БОАЖЯ, ЭЦА, НМХГ, “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.


Хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл үүсдэг байна. Иймд 9 дүгээр сарын 15-наас хойш буюу самрын болц гүйцсэн үед технологийн дагуу модоо гэмтээхгүйгээр түүх хэрэгтэйг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдээллийн эхэнд тэмдэглэв.


Энэ жил тохиож буй хуш модны их үрийн жил ойрын 3-5 жилдээ үргэлжилнэ


Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ээс өмнө БОАЖЯ-наас “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын дүгнэлт, орон нутгаас ирүүлсэн судалгаа, мэдээллийг үндэслэн тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох эсэх тухай шийдвэр гаргадаг.


Энэ жилийн хувьд Сэлэнгэ болон Төв аймагт самрын ургац хамгийн их байгаа бөгөөд улсын хэмжээнд 30 ой бүхий газрын 40 орчим хувь нь их ургацтай, 60 орчим хувь нь дунд ургацтай байна. Хуулийн дагуу хуш модны самрыг их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар, дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх ёстой байдаг аж. 


Самрыг шинжилгээ, судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээгээр түүхийг зөвшөөрдөг.


Харин үйлдвэрлэлийн зориулалтаар тухайн сумын Засаг дарга Ойн ангитай зөвшилцөж, зөвхөн ойн нөхөрлөл, ААН, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хуш модны самрыг бэлтгэж, ашиглуулна. Тухайн газраас үйлдвэрлэлийн зориулалтаар самрын нөөцийн 40 хүртэл хувийг бэлтгэх боломжтой юм. Ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, ААН, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгодог байна.


1 кг цайруулсан самар тутамд иргэн 500 төгрөг, ААН 800 төгрөгийн хураамж төлнө


Иргэд, ойн нөхөрлөл, ААН, байгууллагууд ойгоос хуш модны самрыг зохих эрхийн бичгийн хүрээнд бэлтгэж, ашиглах бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийг холбогдох хууль дүрмийн дагуу төлөх ёстой. Жишээлбэл, ахуйн зориулалтаар 25кг самар түүх бол 12500 төгрөгийг орон нутгийнхаа ойн хамгаалалтын газарт тушаагаад, зөвшөөрсөн хугацаанд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр самраа түүж, борлуулах боломжтой. Харин хууль бусаар самар түүж бэлтгэвэл эрүүгийн хариуцлага ногдуулдаг байна.


ЦЕГ-ын харьяа ЭЦА-ны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нэмэхбаатар: “Төрийн захиргааны төв байгууллагаас журмалсан журам, тусгай зөвшөөрлийн дагуу, олгосон эрхийн хүрээнд самрыг бэлтгэдэг. Хэрэв хууль бусаар түүж бэлтгэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-р бүлгийн 24.8-р зүйлийн нэгдүгээр хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлын эд эрхтэн, үрийг бэлтгэсэн тохиолдолд 5400 нэгж буюу 5 сая 400 мянган төгрөгөөс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг 1-5 жилийн хугацаатай хасах, мөн адил хугацаатай хорих ялаар шийтгэнэ хэмээн хуульчилсан байдаг” гэв. 


НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг: “Самраар хооллодог ан амьтад болон ойн сэргэн ургах байдлыг харгалзан үзэж 30 хувийг түүгээд 70 хувийг үлдээдэг самар түүх зохистой хэмжээ гэж бий. Мөн түншүүр буюу хатуу биетэй механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар авснаар хуш модонд гэмтэл учирч 20 хувь нь амьдрах чадвараа алддаг. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй. Иймээс хөнгөхөн аргаар доргиох, түншүүрдээ зөөлөвч хийх, модоо зөөлөн эдээр бүслүүрдэж байгаад түнших гэх мэт гэмтээхгүй байх аргаар самар бэлтгэх хэрэгтэй. Түүхийгээр нь түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэй. Болц гүйцээгүй үед түүх гэж оролдсоноос үүдэн өндрөөс унаж, амь насаа алдах аюулд ч учирдаг. Иймд самрын болц гүйцсэн үед түүж хэвших хэрэгтэй” хэмээлээ. 


Хуш мод нь 40-50 насандаа анхны самраа өгдөг


Монгол орны нийт газар нутгийн буюу 1.5 сая хавтгай дөрвөлжин км газрын 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнээс Архангай аймгийн 13, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 8, Завхан аймгийн 2, Өвөрхангай аймгийн 5, Хөвсгөл аймгийн 14, Хэнтий аймгийн 6, Төв аймгийн 4, Увс аймгийн 3, Сэлэнгэ аймгийн 7 суманд буюу нийт 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсэд хушин ой тархсан байдаг байна. 


“Хуш мод нь 40-50 насандаа анхны үр буюу самраа өгдөг. Өндөр, налуу газар ургадаг тул иргэд нэн түрүүнд аюулгүй байдлаа анхаарах хэрэгтэй. Зэрлэг байгальд амьтад байх магадлалтай тул тэднийг үргээлгүй, амгалан тайван байдлыг нь алдагдуулахгүй байх мөн баавгай, чоно зэрэг зэрлэг амьтдаас болгоомжлох, түймэр гаргахгүй байх тал дээр анхаарах ёстой. Энэ хугацаанд туршилтын шугамаар Сэлэнгэ аймагт хуш модны тарьц суулгацыг үржүүлэх чиглэлээр томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа. Цаашид аймгуудад үргэлжлүүлэн хийнэ” хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа ярив.


Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ