Монголын залуучуудын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-25 12:31:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Залуучуудын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Манай улсад “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийг 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм.

Их зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан бөгөөд энэ өдөр Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн төдийгүй тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэсэн түүхэн тэмдэглэлт өдөр юм.

Залуучуудын байгууллага нь хожмоо Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэл болж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон анхны үндэс сууриа тавьж байв. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар  намтар баян түүхтэй.

Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн наймдугаар сарын 25-ыг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэсээр  ийнхүү 99 жилийн ойтойгоо золгож байна. 

Монголын залуучуудын өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөндөж гарц шийдэл ярилцдаг, нэгдэж сайн санааны үйлс хийдэг, бүтээдэг тийм л өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм. 


Холбоотой мэдээ