Хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-18 17:30:09

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилд төлөвлөсөн хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар өнөөдөр танилцууллаа.


Тэрбээр ирэх дөрвөн жилд хууль, эрх зүйн шинэчлэлийг гол зорилгоо болгож хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэв.


Энэ хүрээнд Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай хууль, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг 10 хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах юм байна.


Цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлж, “E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэхдээ хувь хүний мэдээлэлд халдах боломжгүй байхаар зохицуулах аж. 


ХЗДХ-ийн сайдын дэргэд Монгол Улсын нөлөө бүхий хууль зүйн ухааны эрдэмтдээс бүрдсэн эрдмийн зөвлөлийг байгуулжээ. Энэ нь аливаа хуулийн төслийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд боловсруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ял шийтгэл оногдуулах механизмыг нарийвчлан сайжруулна. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хүний ялыг чангатгах зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгана. Мөн Зөрчлийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг сайжруулна. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг шинээр боловсруулна" хэмээв.


Манай улсад иргэд хоорондын мөнгөн зээлийн харилцааг зохицуулах хууль байхгүйг тэрбээр онцлоод бүх ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төвийг бүртгэлжүүлж, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг нээлттэй болгоно гэв.


Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай зэрэг 11 хуулийн төслийг илүү боловсронгуй болгохыг зорьж байна.

 


Холбоотой мэдээ