Дугаарын хязгаарлалт зөрчсөн иргэнийг 20 мянга, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-14 16:53:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын өдрүүдэд үйлчилдэг авто машины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх захирамж гаргасныг НЗДТГ-аас өнөөдөр мэдээллээ.


“Түгжрэлгүй Улаанбаатар” төслийн хүрээнд, НИТХ-аас анх 2012 онд нийслэл хотод бүсчлэл тогтоож, авто машиныг улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор уг хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон юм. 


Захирамжаар ажлын өдрүүдэд үйлчилдэг авто машины дугаарын хязгаарлалт хийх өдөр, бүсчлэлд өөрчлөлт ороогүй, харин иргэд, цагдаагийн алба хаагчдын хооронд будлиан үүсгэдэг байсан торгуулийн асуудлыг шийджээ.


Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, "Өмнө нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, Замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр Замын цагдаагийн газраас торгодог байсан. Харин одоо захирамж гарснаар дүрэм зөрчсөн тохиолдолд 14.7 дугаар зүйлийн 14.7.57-д заасан “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" бол хувь хүнийг 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна" гэв.


Шинэчилсэн захирамжаар дугаарын хязгаарлалтад хамаарахгүй, нэгдүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгслийн асуудлыг мөн зохицуулжээ. 


Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байгаа, жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, гадаад улсад бүртгэлтэй, гамшиг ослын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, түргэн муудах хүнсний түгээдэг ААН-ийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх болон нэгдүгээр эгнээгээр зорчих зөвшөөрлийг Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газраас олгож байгаа аж.


Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ