Баянзүрхийн 25 дугаар хороонд газар чөлөөлснөөр "Нарны зам"-тай шууд холбогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Мини Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар, "Нарны зам"-д холбогдох замд газар чөлөөлснөөр иргэд болон тээврийн хэрэгсэл шууд зорчих боломжтой боллоо.
Тодруулбал, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй барилга бариад байсныг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.
Энэ талаар дүүргийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших хэлэхдээ, “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна.
"Нарны зам"-д холбогдох замд газар чөлөөлснөөр иргэд болон тээврийн хэрэгсэл шууд зорчих боломжтой боллоо.
"Мини Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийнхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна. Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. Өнөөдөр "Нарны зам"-тай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрыг чөлөөлж байгаад иргэд, манай хорооны оршин суугчид талархалтай хандаж байна” гэлээ.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэж байна. Энэ 25 дугаар хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байна. Энэ хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад орсоны дараа газрын зөрчил арилгах бус, эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж, баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллах болно” гэлээ.