Олон улсын залуучуудын өдөр тохиож байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-08-12 10:38:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анх 1999 оны 8 дугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас гаргасан зөвлөмжийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ. 

Улмаар 2000 оноос тэмдэглэж эхэлсэн (International Youth Day) юм. Энэ өдөр нь залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачилгыг дэмждэг. Тэднийг бүх нийтээр, тодорхой зорилготойгоор, үйл ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангахад чиглэдэг. Гол үйл ажиллагаа нь подкаст маягаар зохион байгуулах хэлэлцүүлэг байдаг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт залуучууд болон бие даасан залуучуудын байгууллагууд хамтран улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал ба үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь чухал болохыг ярилцдаг юм.


2020 оны Олон улсын залуучуудын өдрийн уриа нь “Youth Engagement for Global Action” буюу “Дэлхийн үйл хэрэгт залуусын оролцоо” гэсэн байна. Тус урианы хүрээнд залуусын оролцоог орон нутаг, улс орон, бүс, дэлхийн хэмжээнд тодорхойлж, нийгмийн олон талт бүтэц үндэсний хэмжээнд түгээмэл оролцох боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн улс төрийн тогтолцоон дахь тэдний албан ёсны байгууллага, төлөөлөл болон оролцоог сайжруулахад төвлөрчээ.

Энэ жилийн Олон улсын залуучуудын өдрөөр хоорондоо харилцан хамааралтай доорх чиглэлд залуучуудын оролцоог чиглүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүнд:

  • Орон нутгийн түвшний оролцоо/олон нийтийн түвшинд татан оруулах,
  • Үндэстний түвшний оролцоо/ хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Дэлхийн түвшний оролцоо буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, COVID-19"-ийн цар тахал болон цаг уурын өөрчлөлт зэрэг томоохон үйл явцад оролцох. 



НҮБ-ын гишүүн орнуудын гаргасан тодорхойлолтод үндэслэн 1981 онд баталснаар 15-24 насныхныг залуучууд гэдэг ангилалд багтаадаг. Өнөөдөр дэлхий даяар 15-24 насны 1.2 тэрбум хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.


Холбоотой мэдээ