Г.Сайханбаяр: Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-08 11:11:41

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцав.


Тэрбээр  "Миний бие 1987-1988 онд алдар түүхт Зүүнбаянгийн энэхүү ангид алба хааж байлаа. Энэ салбарт тасралтгүй 35 жил зүтгэсэн хүний хувьд цаашид ямар ажил зохион байгуулах, хууль, эрх зүйг нь хэрхэн шинэчлэх, сургалт бэлтгэлүүдийг яаж илүү үр дүнтэй явуулах гээд олон зүйлийг мэднэ. Ялангуяа, цэргийн жинхэнэ алба хаах тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг техникийн бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллана. Манай цэргийн алба хаагчид улс орны бүтээн байгуулалтыг нуруундаа үүрч, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын далангийн ажлыг 100 хувь хийж дуусгасан. Одоо төмөр зам сууриулах ажилд оролцож байна. Сүүлийн жилүүдийн улс орны стратегийн хэмжээний бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний алба хаагчид гүйцэтгэсэн" гэдгийг онцлов. Үргэлжлүүлэн хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын туслах аж ахуйг хөгжүүлж, өөрсдийн нормын хүнсний хэрэгцээгээ тариалаад, бие бүрэлдэхүүнээ эрүүл хүнсээр хангах ажлыг дэмжинэ. Энэ нь мэдээж зохистой харьцаанд байх ёстой хэмээв. 


Энэ үеэр зарим тэргүүний офицер, ахлагч нарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардууллаа. 


Мөн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн байр, ангийн гал тогоо, эмнэлэг, угаалгын газар, зарим зэвсэг, техникийг шалгаж, засаж шинэчлэх ямар объект байгааг газар дээр нь үзсэн юм. 

Холбоотой мэдээ