Говьсүмбэр аймагт 40 өрхийн 50 мянга гаруй мал отроор зусаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 16:12:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт 40 өрхийн 50 мянга гаруй мал отроор зусаж байна. Отрын нүүдэл их байгаагаас тус аймагт бэлчээр тахлагдаж байгаа аж. 


Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан УОК-ын ажлын баг Дундговь аймагт говийн бүсийн аймгуудын удирдлагатай зөвлөгөөн зохион байгуулж өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах үеэр Говьсүмбэр аймгийн удирдлагууд дээрх мэдээллийг өгсөн байна. 


Аймагт бэлчээрийн гарц жигд сайн байгаа ч өвөлд хадгалагдах ургамал нь ховор байна. Аймагт сүүлийн 3 жилд өвөлжсөн цагаан зээрийн тоо толгойн дундаж 150 мянган толгой, тусгай хамгаалалттай газрын аргаль дунджаар 315 толгой зэрэг бэлчээр ашиглагч зэрлэг амьтан өвөлжинө.  Үүний дээр нийт 160.2 мянган төл бойжуулсан, махны зах зээлд 150.0 мянган толгой мал нийлүүлэхээр тооцсон байна. Хонин толгойд шилжүүлснээр 645.0 мянган толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. 

 

Ойрын жилүүдэд отрын мал ихтэй, даац хүрэлцээ муутай байснаас бэлчээр талхлагдсан. Талхлагдсан бэлчээр сэргэх хугацаа бага биш, бас ургамлын төрөл бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Үүний улмаас өвөлд хадгалагдахгүй, намартаа хагдрах ургамал зонхилж байна. Өөрөөр хэлбэл үхэр харгана, нарийн харгана гэх мэт харганын төрөл, бусад бутлаг болон үет ургамал үлэмж багассан. Иймд эдгээр нөхцөл байдлыг зөв тооцоолон өвлийн даац, багтаамжаа тодорхойлох юм байна. 

Зун, намрын бэлчээрийн даац, ургац 450,000 орчим толгой малд дөнгөж хүрэлцэхүйц байна. 


Гэтэл 2019-2020 оны өвөл, хаварт Говьсүмбэр, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн нийт 110.0 мян.мал Малх отрын бүсэд, бусад сумдын нутагт 60.8 мянган мал оторлосон. Хаваржилт хүндэрч, зуншлага тааруу байгаа шалтгаанаар Дундговь аймгийн 6 сумын 40-50 өрхийн 57.2 мян.тол - 61.1 мян.тол мал зусаж, одоо отрын 40 өрхийн 51141 мал зусаад, намаржиж байна.


Ийм байдал нь бэлчээрийн талхлагдал, хаварт хөнөөлт мэрэгчдийн асуудал үргэлжилнэ гэсэн үг.  Энэ эрсдлээс сэргийлэхийн тулд бэлчээрийн багтаамж, даацдаа тохируулан мал аж ахуйгаа хөтлөх, отрын малыг замбараагүй оруулахгүй байх шаардлагатай байгаа аж.

Холбоотой мэдээ