Малчид тэдний хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханд малчдын нийгмийн
хамгааллыг сайжруулах төсөл 2022 он хүртэл хэрэгжихээр болжээ.
Тус төслийг НҮБ-ийн төрөлжсөн
байгууллага буюу Хүүхдийн сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүн амын сан,
Олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран анх удаа хэрэгжүүлж байна. Тус
төсөл нь “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн
байдлыг нэмэгдүүлэх нь” нэртэйгээр хэрэгжих юм. Төслийг өнгөрсөн хоёрдугаар
сараас эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагуудын үйл
ажиллагааг танилцуулах, орон нутгийн оролцоот байгууллагуудтай хамтын
ажиллагааг уялдуулах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлнэ
“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж,
цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүнг хэлэлцэх
зорилгоор НҮБ-ийн хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана
тэргүүтэй ажлын хэсэг Завхан аймагт өнгөрсөн сард ажиллаад буцлаа.
Энэ төсөл нь малчдын бизнес санал санаачилга, хоршооны үйл ажиллагааг
дэмжиж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлээд
зогсохгүй нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхөд учирч болох
байгалийн гамшиг, аливаа эрсдэл, цочролд бэлэн байдлыг сайжруулах зорилготой юм.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд дараах гурван зорилтыг дэвшүүлээд байгаа. Тухайлбал, малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх. Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоонд цочролд хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх. Оролцогч талуудын хэлэлцүүлэг, нотолгоонд тулгуурлан малчид, тэдний үр хүүхэд болон бусад хүмүүст чиглэсэн тогтвортой, хүртээмжтэй нийгмийн хамгааллын санхүүжилтийн стратегийг сайжруулах санал боловсруулах чиглэлээр ажиллана гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.