4000 гаруй хүүхэд халуун усанд орох боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-07 15:34:05

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Яруу сум гүний усны худаг, ариун цэврийн байгууламжтай болжээ. Мэргэжлийн байгууллагуудаас тус сумын хоёр голд шинжилгээ хийхэд хатуулаг ихтэй, ундны усанд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тиймээс тус сумын иргэдээс ард түмнээ сонсох аяны хүрээнд аймгийн Засаг даргад хүсэлт уламжилсны дагуу өнөөдөр гүний усны худаг, сургуулийн ариун цэврийн байгууламжтай болоод буй юм. Тус худгийг аймгийн ЗДТГ, Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл, аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийгээд байна.

Ийнхүү тус сумын иргэдэд тулгамдаж байсан ундны усны асуудлыг шийдвэрлэснээр 600 гаруй өрх эрүүл, аюулгүй стандартын шаардлага хангасан ундны усыг хэрэглэх боломж бүрдлээ. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн  100 гаруй суралцагч стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ.

Ташрамд тус аймаг НҮБ-ийн хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын сурагчдад зориулж халуун усны барилга бүхий ариун цэврийн байгууламжуудыг байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 24 сумын дотуур байрын 4000 гаруй суралцагч халуун усанд орох боломж бүрдсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ