Суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн дуудлага 6 удаа иржээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-30 12:49:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн товчоодод мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар ажиллаж байна. 

Энэ талаар НМХГ-ын дэд дарга Б.Батшагай танилцуулж, иргэд хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэйг хэллээ. 

Нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ)-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар мэдээлэхдээ, “Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монголд тарваганы тархац нутаг хумигдаж улмаар айлын хашаанд орж ирэх асуудал сүүлийн жилүүдэд их гарч байгаа. ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оноос эхлэн суурьшлын бүсийн монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж эхэлсэн. 


Энэ жил байгаль хамгаалагчдын дунд "Хавхгүй нийслэл 2020" уралдааныг зохион байгуулж, хяналт, шалгалтыг эрчимжүүлж байна. Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон. Гэвч иргэд хавх, урхи ашиглан мэр сэр тарвага агнаж байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ 7 хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн 6 удаагийн дуудлага НОБГ-т ирсэн” гэв.


Холбоотой мэдээ