Л.Эрдэнэчимэг: Бид монголчуудаа нэмж авах зочид буудлуудыг хайж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-30 11:43:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас эх орондоо ирж, "COVID-19"-ийн цар тахлаас сэргийлэх, эмчлүүлэх тусгаарлалтад орж буй монголчуудаа хүлээн авах зочид буудлуудыг дэмжих үүднээс одоогийн нэг хоногийн 50 мянган төгрөгийн зардал дээр нэмж 50 мянган төгрөгийг татаасаар өгөх санаачилгыг "Монос" групп гаргаад байна. Энэ талаар бид тус группийн ерөнхийлөгч, УИХ-ы гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Энэ санаачилгыг анх хэрхэн гарав?
-Анх бид зуны сайхан дэлгэр цагт гадаад, дотоод дахь монголчуудаа 100 гэр барьж "COVID-19"-ийн шугамаар ч тэр, амралт талаасаа аялал жуулчлал ч бас болно гэдэг үүднээс хүлээн авья гэсэн санаа гаргасан юм. Гол нь зуны улирлыг ашиглаад монголчуудаа тэнхрүүлье гэсэн зорилготой  юм. Гэтэл яг "COVID-19"-ийн шугамаар монголчуудаа гэрт авья гэхээр бие засах газар барихаас эхлээд эрүүл ахуй болон эмчилгээний нөхцөл байдлын стандартыг хангах шаардлага тавигдах учраас 100 гэрээ больж, зочид буудлуудад татаас өгч 100 иргэн хүлээн авах болгон санаачилгаа өөрчилсөн юм. 
-Энэ талаар та бүхэн УОК-т албан ёсоор хандсан уу? 
-УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулсан Иргэний онцгой комисс байгуулж, нэгдээд байна. Энэ нь угтаа УОК-ын ажилд дэм болох зорилготой, энэ байгууллагынхаа шугамаар эхлээд бид зочид буудлуудыг судалж байна. Нэг ёсондоо одоогийн, гадаадаас иргэдээ аван тусгаарлаж буй зочид буудлуудын хоногийн 50 мянган төгрөг дээр нэмж 50 мянган төгрөгийг бид татаасаар өгөх юм. 

Өнөөдөр гадаад дахь иргэдийг хүлээн авах зочид буудлын хангамж хүрэлцээгүй байгаа нь гол асуудал болоод байгаа. Тиймээс зочид буудлыг нэмэгдүүлье, энд нь татаас өгч 10 мянган иргэнээ хамруулья гэсэн зорилготой. Энэ үүднээс бид өнөөдөр нэмэгдэх боломжтой зочид буудлуудыг хайж байна. Бас энд нэгдээч гэж  зочид буудлын үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчдээ уриалж байна. Хамрагдах зочид буудлууд гарч ирсний дараа бид УОК-т албан ёсоор хандан, ном журмаараа явах юм. 
-Зочид буудлуудад 50 мянган төгрөг өгөх санаачилга нэг удаагийнх уу, эсвэл иргэдээ татан авч дуустал үргэлжлэх үү?
-Энд харин татаас маань урт хугацааны байх уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ талаар хүмүүстэй ярьж байна. Хэлэлцэнэ. Өнөөдөр ямар ч байсан эхний гол зорилго зочид буудлуудаа олж иргэдээ хамруулах, тусгаарлалтын хүртээмжийг нэмэх нь чухал байна. Бид 100 иргэнийг хүлээн авах татаас гэж байгаа. Ямар ч байсан гадаадаас 10 мянган иргэнээ хүлээн автал санаачилгаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байна. Энд мөн дотоодын бизнес эрхлэгчдийг хамрагдаж, хамтран ажиллахыг уриалж байна. 
Тодруулга: Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын улмаас хилийн чанадад гацан, эх орондоо ирэх хүсэлтээ 14 мянга гаруй монгол иргэн илэрхийлээд байгаа юм.
Холбоотой мэдээ