Казахстанаас иргэдээ татан авахад нягт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-27 16:23:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Жалгас Адылбаевыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Элчин сайд Жалгас Адылбаев Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Бескененулы Тлеубердигаас баяр хүргэж, халуун дотно үгтэй захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, Монгол, Казахстаны найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн “COVID-19“ цар тахалтай тэмцэх, Казахстанаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.


Элчин сайд Жалгас Адылбаев хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх,  иргэдийн солилцоог дэмжих, эдийн засгийн салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн зөвхөн хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллах сонирхлоо нотлов.

Холбоотой мэдээ