БНХАУ Ангарагийг судлах анхны төхөөрөмжөө амжилттай хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-07-23 15:25:22

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Ангараг гаргийг судлах анхны төхөөрөмжөө өнөөдөр хөөргөлөө. Уг төхөөрөмж Улаан нүдэн гаргийг тойрон эргэж, гадаргуу дээр нь бууж, судалгаа хийх ажээ.


Хятадын хамгийн том тээгч пуужин болох “Long March-5” зүүн нутгийн Хайнань мужийн “Вэньчан” сансрын хөлөг хөөргөх талбайгаас орон нутгийн цагаар 12:41 минутад таван тонн масс бүхий сансрын хөлгийг тээн хөөрсөн байна.


“Энэхүү үйл явдлаас 36 минутын дараа тойрог замын нислэгийн аппарат, тандалтын төхөөрөмж бүхий сансрын хөлгийг Ангарагийн тойрог зам руу илгээснээр уг төхөөрөмж Улаан нүдэн гарагт хүрэх долоон сар орчмын аяллаа эхлүүллээ” гэж Хятадын Үндэсний сансар судлалын удирдах газар мэдээлжээ.


Ангараг гаргийг судлах Хятадын анхны төхөөрөмжийг “Tianwen-1” гэж нэрлэсэн нь “Тэнгэрт тавих асуултууд” хэмээх утгатай бөгөөд эртний Хятадын нэрт яруу найрагч Чу Юанийн шүлгээс сэдэвлэн ийнхүү нэрлэсэн байна.


“Энэхүү нэр нь Хятад үндэстэн чин үнэн, шинжлэх ухаан хийгээд байгаль орчин, орчлон ертөнцийг судлан шинжлэхийн төлөө шаргуу зүтгэж буйг илэрхийлж байгаа юм” гэж Үндэсний сансар судлалын удирдах газар мэдээлжээ. 

Холбоотой мэдээ