Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 15.1 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-22 15:59:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээгээр нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 3.5 мянгаар буюу 15.1 хувиар буурчээ.

Өнгөрсөн сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19.563 байгаа бөгөөд энэ нь сүүлийн 5 жилийн хамгийн бага дүн болжээ. Өнгөрсөн оны  зургаадугаар сард улсын хэмжээнд 23 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байжээ.   

"COVID-19"-ийн цар тахлын улмаас нийтийн хоол, зочид буудал, үзвэр үйлчилгээний олон байгууллага удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй. Иймд ажилгүй иргэдийн тоо өснө гэсэн хүлээлт байсан ч статистик дүнгээр ажил идэвхтэй хайж байгаа буюу ажилд зуучлагч байгууллагуудад бүртгүүлсэн иргэдийн тоо буурчээ.



Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн сард ажилгүй 5.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 6 дугаар сард нийт 1.7 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 611 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Аймгаар нь харвал шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд:

  • Сэлэнгэд хамгийн их буюу 427, 
  • Дорнодод 320, 
  • Орхон аймагт 317, 
  • Увсад 311, 
  • Баян-Өлгийд 307 байна. 
  • Харин Говьсүмбэрт 52, 
  • Дундговьд хамгийн бага буюу 45 хүн бүртгүүлжээ. 
Холбоотой мэдээ