Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-07-22 11:34:12

ТОКИО. /Kyodo/. Японы Эрүүл мэндийн яам “дексаметазон” эмийг шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглахыг мягмар гарагт зөвшөөрчээ. Тус яам өнгөрсөн тавдугаар сард “ремдесивир” эмийн зөвшөөрлийг олгосон юм.


“Дексаметазон” халдвар авсан хүнд өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулж байгаа талаар Их Британийн судлаачид өнгөрсөн сард мэдээлснээс хойш уг эм олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байна.


Хямд үнэтэй, олдоц сайтай “дексаметазон”-ыг уушгины өвчин гэх мэт олон өвчнийг анагаахад ашигладаг бөгөөд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтдаг ажээ.


Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Шинэ коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээний гарын авлага”-ын шинэчилсэн хувилбарт уг эмийг Засгийн газрын зөвшөөрөлтэй эм гэж тэмдэглэжээ.


Баасан гарагт шинэчлэн гаргасан гарын авлагад Оксфордын их сургуулийн судлаачдын явуулсан эмийн судалгаа болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн удирдамжийн талаар оруулсан байна.


Оксфордын их сургуулийн судлаачдын ахлан явуулсан туршилтын үеэр “дексаметазон” уулгасан 2000 орчим өвчтөний биеийн байдлыг эм уугаагүй 4000 гаруй өвчтөнтэй харьцуулахад, хиймэл амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 40 хувиас 28 хувь хүргэж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 25 хувиас 20 хувь хүргэж бууруулжээ.  


Гэвч амьсгалахад хүндрэл учраагүй өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулахгүй гэдгийг дээрх судалгаанд онцлон тэмдэглэжээ. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн Оксфордын их сургуулийн судалгааны дүнд үндэслэн уг эмийг хиймэл амьсгалын аппаратанд орсон, хүчилтөрөгч дутагдсан өвчтөнүүдэд уулгах зөвлөмж гаргасан байна.


Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “дексаметазон”-ыг “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн амь насыг аврах боломжтой эм гэж тодорхойлсон юм. 

Холбоотой мэдээ