Дэлхий даяар өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-07-19 09:51:49

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхий даяар нэг хоногийн дотор коронавирусний халдварын 260 мянга орчим тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.


ДЭМБ-аас бямба гарагт мэдээлснээр, өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа саяын дөрөвний нэгийг давж буй нь энэ ажээ. Халдвар авсан хүний тоо АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкт хамгийн олноор нэмэгджээ.


Мөн тухайн хугацаанд дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо 7360-аар нэмэгдсэн нь өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


ДЭМБ өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар ганцхан өдрийн өмнө мэдээлээд байсан юм.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар бямба гаргийн байдлаар халдвар авсан хүний тоо 14 сая давжээ. 


АНУ-д юу болж байна вэ?

АНУ-ын хэд хэдэн муж улсад, ялангуяа хөл хорио тогтоох, амны хаалт заавал зүүхэд дурамжхан хандаж байсан өмнөд нутгийн муж улсуудад халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Тодруулбал, Флорида, Техас, Аризонад халдварын тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгдэж байгаа ажээ.


Флорида нь одоогийн байдлаар АНУ дахь цар тахлын голомт болсон бөгөөд тус муж улсад бямба гарагт халдварын 10 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 90 хүн нас барснаар халдвар авсан хүний нийт тоо 337 мянга давж, нийт 500 гаруй хүн нас барсан байна.


Сүүлийн долоо хоногуудад тус муж улс даяарх эмнэлгүүд эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрсэн, шинэ өвчтөн хүлээн авах боломжгүй болсон талаар анхааруулжээ.


АНУ-д амны хаалт зүүх гэх мэт халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг ихээхэн улс төржүүлэх болжээ.


АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтони Фаучи оршин суугчдадаа амны хаалт заавал зүүлгэхийг муж улс, орон нутгийн удирдагчдад баасан гарагт уриалсан бол Ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт заавал зүүхийг орон даяар үүрэг болгохгүй гэж мэдэгдсэн юм.



Халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж буй бусад орны тухайд

Коронавирусний халдвар болон халдварыг хязгаарлах арга хэмжээнүүдийг ихээхэн улс төржүүлэх болсон Бразилд халдварын тохиолдлын цаашид огцом нэмэгдэхгүй гэж ДЭМБ энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн боловч тус улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна.


Мөн халдварын үзүүлэлтүүд нь оргил үедээ хүрэхэд олон сарын хугацаа дутуу байгаа Энэтхэг халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд гуравдугаарт жагсаж эхэлснийг судлаачид анхааруулж байна. Халдвар хамгийн их тархсан Мумбай, Бангалор хотын эмнэлгүүдийн ор дүүрчээ.


Энэтхэгт баасан гарагт халдварын тохиолдлын тоо 34884-өөр нэмэгдсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд тухайн өдөр 761 хүн халдвараар нас баржээ.


Мөн Африк тивийн орнуудаас халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт өдөрт шинээр илэрч буй халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгдэж байна. 


Европт юу болж байна вэ?

Европын баруун хэсгийн орнуудад халдварын тархалтыг ерөнхийдөө хяналтад авч, хилээ нээж, бизнесийн үйл ажиллагаагаа сэргээж эхэлжээ.


Гэсэн хэдий ч Испанийн зүүн хойд нутагт оршдог, халдвар хамгийн их тархсан Каталон зэрэг зарим нутагт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна.


Каталонд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо дахин 1000 давсан бөгөөд Барселона, Ла Ногера, Эль Сегрия хотын дөрвөн сая орчим оршин суугчид 15 хоногийн турш гэртээ байхыг үүрэг болгожээ.


Мөн 10-аас олон хүн уулзах, асрамжийн газруудад очихыг хориглож, бялдаржуулах төв, шөнийн клубүүдийг хаасан байна.


Орон даяар тогтоосон хатуу хөл хориогоо дөнгөж дөрвөн долоо хоног орчмын өмнө цуцалсан Испани нь жуулчдын тоог нэмэгдүүлэх зэргээр эдийн засгаа сэргээхийг эрмэлзэж байгаа юм.


Барселона хотын гудамжууд бямба гарагт эзгүйрсэн байсан хэдий ч зарим оршин суугч дүрэм журмыг зөрчсөн байж магадгүй байгаа ажээ.



Испанид халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус улстай хил залгаа оршдог Францын эрх баригчид Испанитай залгаа хилээ хаах талаар хэлэлцэж байгаа юм байна.


Францын шинэ Ерөнхий сайд Жан Кастексээс хилээ хаах боломжтой эсэх талаар асуухад, “Бид энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаа учир нь бид Испанийн эрх баригчидтай мөн хэлэлцэх ёстой” гэж хариулжээ.


Франц улсын хувьд хилээ зургаадугаар сарын 21-нээс нээсэн юм.


Эдийн засагт дэмжлэг үзүүлэх ЕХ-ны төлөвлөгөөний тухайд

Бямба гарагт Брюссель хотноо коронавирусний халдвараас үүдэлтэй хямралын дараа эдийн засгаа сэргээх томоохон төлөвлөгөөний талаарх хэлэлцээ үргэлжилсэн байна.


Хэлэлцээний хоёр дахь өдөр талууд янз бүрийн шүүмж хэлжээ. Италийн Ерөнхий сайд Жузепп Конте хэлэлцээг зогсонги байдалд орсон гэж хэлсэн бол Австрийн Канцлер Себастьян Курц хэлэлцээ зөв чиглэлд өрнөж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Нидерланд, Швед зэрэг зарим “арвич хямгач” орнууд 750 тэрбум еврогийн багцын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд, үүнийг тэтгэмж бус зээлийн шугамаар олгох ёстой гэж үзсэн байна.


Энэхүү хэлэлцээ ням гарагт гурав дахь өдрөө үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ