Сурагч А.Мөнхгэрэл, Д.Цэцэгдарь нарт мөнгөн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-17 16:22:28

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын санаачилгаар элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн урамшуулал гардуулан өглөө.

Тус аймаг  улсын төрөлжсөн олимпиадад байр эзэлсэн болон элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай аж.  Ийнхүү энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлээр шилдэг төгсөгч болсон Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч А.Мөнхгэрэл,  монгол хэлний хичээлээр Аргалант сумын 12а ангийн сурагч Д.Цэцэгдарь нар тус тус 800 оноо авсан байна. Манлайлагч сурагчдад аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл батламж, мөнгөн урамшууллыг гардуулан өгөв.

Төв аймгийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт 797 шалгуулагч өгөхөөр бүртгүүлснээс давхардсан тоогоор 2691 хүүхэд шалгалт өгч, аймгийн хэмжээнд хоёр сурагч 800 оноо авчээ.

 

Холбоотой мэдээ