Наро Банчэн гэгээнтэн нутгийн шүтээндээ мөргөн мод тарих үйлд оролцов

Фото
185@montsame.mn
2020-07-09 09:58:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Наро Банчэн хувилгааны VII дүрийн Данзанлхүндэв гэгээнтэн Алтай хотод морилох үеэрээ Дашпэлжээлин хийдийн хашаанд мод тарилаа. 


Тодруулбал, тус аймгийн төв “Шүтээний өндөрлөг”-ийн өвөрт орших Дашпэлжээлин хийдийн шүтээндээ мөргөж, хийдийн хашаанд хүний ёсны гурван буяны нэг болох мод тарих үйл хийн хайлаас, сухай, жигд модны тарьц суулгасан юм. Уг үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд ч оролцож буян ном арвижуулах үйлд гар бие сэтгэлээрээ оролцлоо.

Түүнчлэн энэ жил Говь-Алтай аймагт ЭЕШ-д сайн дүн үзүүлсэн ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх бололцоогүй, ар гэрийн боломж тааруу цаашид сурч боловсрох хүсэлтэй, хичээл зүтгэл сайтай арван хүүхдийн сургалтын төлбөрийг Наро Банчэн гэгээнтэн даахаар болж батламжийг нь гардуулсан юм. Тэрээр “Боловсрол маш чухал. Ялангуяа бусдыг хорлохгүй байх ёс суртахуун, бусдыг гэх сайхан сэтгэлд суурилсан боловсролтой боловсон хүчин улс оронд маань маш их хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.

Тэрээр энэ өдрүүдэд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд Алтай нутгийн зон олныг сахиус, шүтээндээ даатгаж, аливаа бүхнээс хамгаалан тэтгэдэг цаглашгүй буянт, Бурхан багшийн ойрын шавь Наро Банчэн хувилгааны VII дүрийн Данзанлхүндэв гэгээнтэн Алтай хотод морилон саатаж буй билээ.