Татан буугдсан "Капитал" банкны зээлдэгчдийн нэрсийг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2020-07-08 12:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Капитал" банкийг татан буулгах үйл ажиллагааны явцад өнөөдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй 377 зээлдэгч байна. Тэдгээрийн зээлийн өрийн үлдэгдэл 123 тэрбум төгрөг байгааг "Капитал" банканд эрх хүлээн авах зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. 

"Капитал банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш хэлэхдээ, "Капитал" банк оны эхэнд нийт 1404 зээлийн 211.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Тэгвэл 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар буюу 23 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус тус буураад байна" гэв. 


Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн, хөрөнгүүдийг өмчлөх бус хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна. Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл анх 241 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авсан. Түүнээс хойш банкийг албадан татан буулгах ажиллагаа явагдаж, зээлээ огт төлөөгүй 377 зээлдэгчийг зарлаж байна гэв. 

Тэрээр, энэ оны эхний хагаст нийт 35 иргэн, ААН-ийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулаад буйг дуулгалаа. Үүнээс хадгаламж эзэмшигч 5 этгээдийн 111.8 сая төгрөгийн төлбөр нь Банкны тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. Үүнийг шүүхийн шийдвэрээр хүлээн авч, баталгаажуулан олгожээ. 

Төлбөрийн дараалал тогтоох үед Банкны тухай хуулийн 73.1.5 дугаар заалт буюу даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд орсон иргэд, хувийн хэвшлийн ААН, байгууллагуудаас 6 дугаар сарын 30-ны байдлаар 9 иргэн, ААН-ийн 104.4 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдаагүй үлдээд буйг мэдээлллээ. Шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын 136.1 тэрбум, НДЕГ-ын 104.2 тэрбум төгрөгийн нэхэмжилсэн төлбөр нэмэгдэн бүртгээд байна гэв. 



Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат, "Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд хадгалуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тул 244 тэрбум төгрөгийг тус банкны эрх бүхий этгээдээс гаргах нэхэмжлэл дээр ЭМДЕГ-ын хүсэлтээр ажиллаж байна" гэж мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар "Капитал" банканд эрх хүлээн авах зөвлөл тус банкийг татан буулгах ажлыг банкны хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлж байна. "Капитал банк" ХХК, түүний 8 охин компанийн нэр дээрх 203 тэрбум төгрөгөөр бүртгэсэн 232 үл хөдлөх хөрөнгө болон газрыг АТГ, Эрүүгийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсгийн хүсэлтээр Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр битүүмжлээд байна. 

Б.Болд. С.Туул

Холбоотой мэдээ