Аймгийн наадмаар худалдаа, үйлчилгээ, цайны газар ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-06 11:31:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 79, Сайнцагаан сум байгуулсны 96, Мандалговь хот байгуулсны 55 жилийн ойн баяр наадам 2020 оны 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Мандалговь хотноо болно.

Баяр наадмыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулсан ажлын баг томилогдон ажиллаж байна.

Шинэ коронавирусний улмаас дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын улмаас энэ жилийн наадмаар худалдаа, үйлчилгээ, цайны газруудыг ажиллуулахгүй бөгөөд жил бүр зохион байгуулдаг баярын хурал, концерт тоглохгүй байхаар зохион байгуулж байгаа ажээ.

Баяр наадмаар 128 бөх барилдаж, зургаан насны морь давхиж, сур харваа, шагайн харваа болох бөгөөд өсвөр насныхны дунд болдог барилдаан болохгүй.

Энэ үеэр уралдаан тэмцээнд оролцогчдын халууныг хэмжиж, гарыг ариутгах ба үзэгчдийг амны хаалт зүүж, хоорондоо 1,5 метрийн зайтай байх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаа наадмын комиссын дарга мэдэгдлээ.

Аймгийн наадмын талбайн өргөтгөлийн ажлыг хийж байгаа бөгөөд засварын ажил дуусаагүй байгаа тул энэ жилийн баяр наадмыг хуучин наадмын талбайдаа хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ