Хэт ягаан туяагаар коронавирусийг устгах боломжтойг мэдэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. АНУ-ын Бостоны их сургуулийн эрдэмтэд 100-200 нанометр долгионы урттай хэт ягаан туяагаар "COVID-19"-ийн халдварыг хэдхэн секундийн дотор устгах боломжтойг тогтоожээ. Ийм эх үүсвэрээр хүн ам нягтрал ихтэй орчин, гадаргуу талбайг цэвэрлэхийг зөвлөж байгаа аж.
БНХАУ, АНУ, Их Британийн эрдэмтэд, дэлхийн 1.7 тэрбум хүн коронавирусээр өвчилж хүндрэх эрсдэлтэй гэсэн математик загварчлалыг гаргаад байна. Энд ихэвчлэн 60-аас дээш насны хүмүүс өртөх магадлалтайг тогтоожээ.
Вирусний тархалт эрчимжиж 6 хоногт 1 сая хүн өвчилж байна. Сүүлийн 12 хоногийн дотор өвчлөл 12 саяар нэмэгдэж нийт өвчлөлийн тоо 10 сая хүрчээ. Одоогоор "COVID-19"-ийн халдварын улмаас дэлхийд нийт 4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 5.4 сая хүн эдгэрч, 500 мянган хүн эндээд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 171 мянган хүн шинээр өвчилж 4000 хүн нас бараад байгааг ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ.
ЭМЯ-ны яаралтай тусламжийн хэлтсийн дарга Д. Нарангэрэл мэдээлэхдээ, "Сүүлийн 24 цагийн байдлаар, АНУ-д 44 мянга, Бразилд 38 мянга, Энэтхэгт 20 гаруй мянган хүнээр шинээр коронавирусний халдвар авлаа. ОХУ-д 6852 тохиолдол шинээр бүртгэгдэж, 188 хүн энджээ. Буриад, Тува, Читад шинээр 56-128 тохиолдол нэмэгдлээ. Эрхүү мужид 237 хүн шинээр өвчилж нийт 55 хүн нас бараад байна. Тувад 128 хүн шинээр өвчилж, нийт тохиолдол 4111 болсон. Буриадад 56 хүн, Читад 66 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 2916 болсон" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дараа Б.Янжмаа, "АНУ-д 44600 гаруй шинэ тохиолдол 651 нас баралт бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 2.4 сая гаруй болсноос 124 мянга гаруй хүн амиа алдаад байна. Калифорн, Техас, Флорида мужид 100 мянгаас дээш тооны хүмүүс халдвар авсан. Флоридад 9500 гаруй, Техаст 5700 гаруй, Калифорниад 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
АНУ-ын “Tyson Foods” компани Миссури мужид байрлах тахианы мах боловсруулах газрын 1142 ажилчныг шинжилгээнд хамруулахад, 291 ажилтнаас халдвар илэрсэн байна. Халдвартай ажилчдын 249 хүн эмнэлзүйн ямар ч шинж тэмдэг илрээгүйг тус компаниас мэдээлжээ. Компанийн бусад ажилчин тус мужийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн коронавирусийг илрүүлэх шинжилгээнд хамрагдахад мөн дахин 80 хүнд илэрсэн байна. Бразилд шинээр 38.600 гаруй хүн өвчилж, 1109 нас барлаа. Тус улсын батлагдсан халдварын тоо 1 сая 313 мянга болж, нас баралт 57 мянгыг давлаа. Нийт халдвар авсан хүмүүсээс 715 мянган хүн эдгэрч, 540 мянга хүн халдвартай хэвээр байна гэж тус улсын ЭМЯ мэдээлжээ.
Энэтхэгт шинээр 18500 өвчилж, 384 хүн нас барлаа. Нийт халдварын тохиолдол 509 мянга гаруй болж, 15.685 хүн нас бараад байна. Япон улсад 89 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 57 нь нийслэл Токиод бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын 70 орчим хувь нь 20-41 насны залуу хүмүүс байжээ. БНСАУ-д 62 тохиодол шинээр бүртгэгдсэний 40 нь дотоодоос, 22 нь гаднаас зөөвөрлөгдөж, нийт тохиолдлын тоо 12.615 болжээ. БНХАУ-д шинээр 17 тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь дотоодоос, 3 нь зөөвөрлөгдөн орж иржээ.
ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээлэхдээ, "Манай байгууллагын хариу арга хэмжээний 8 баг, 238 удаагийн ажиллагаагаар тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 мянга гаруй хүмүүст үйлчилж 14.768 гар тээш 337 мянган кг ачаа 111 агаарын хөлөг, 31 галт тэрэг 369 автобус, тээврийн хэрэгсэл 13 чингэлэг, тусгаарлах 28 байрны 300 гаруй өрөө нийт 770 гаруй шоо дөрвөлжин талбайг халдваргүйжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 1898 сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн. Сүүлийн үед хойд хилээр орж ирж байгаа тээврийн жолооч нар халдвар зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан Замын-Үүдээр орж ирж байгаа 474 жолоочид болон мэргэжлийн хяналт, төмөр замын ажилтнуудыг хамруулж, ЗӨСҮТ-ын явуулын авто лабортори, PCR шинжилгээг хийсэн.
Энд коронавирусний халдвар илрээгүй. Эрүүл мэндийн сайдын 249 дүгээр тушаалын дагуу бүх эрүүл мэндийн байгууллагуудад 750 гаруй удаа халдваргүйжүүлэлт хийж, мэргэжил арга зүйгээр хангасан. ЭМЯ-наас эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа 28 байгууллагын 307 гаруй мэргэжилтэнг хамруулж 32 удаагийн танхимын сургалтыг хийсэн. Мөн орон нутаг, бусад салбар хоорондын 120 байгууллагын 1200 гаруй хүнийг зайны 12 удаагийн сургалтад хамруулж, 7028-4393 дугаарын утас ажиллуулан эрүүл мэндийн байгууллага, иргэдэд мэдээлэл өгч байна гэв.
Б.Содгэрэл