БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин Сүхбаатар аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 16:29:03

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид Зүүн бүсийн аймгуудтай танилцах, цаашид эдгээр аймагтай хамтран ажиллах ямар боломж байна гэдгийг судлах, орон нутагт нь санал бодлоо харилцан солилцох зорилгоор ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчид 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймагт хүрэлцэн ирлээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлын айлчлалын багийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод бүсийн хөгжлийн талаар тэд ярилцлаа. Сүхбаатар аймаг нь Хятад улстай хил залгаа гэдгээрээ их онцлогтой. Тэр ч утгаараа Бичигтийн боомтыг Хятадын Жинжү боомттой төмөр замаар холбосноор Монгол Улс далайд гарах хамгийн дөт замыг нээх, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомттой хатуу хучилттай замаар холбох ажлуудыг нэн түрүүнд танилцуулсан юм. Учир нь эдгээр замууд тавигдсанаар 2 орны эдийн засгийн томоохон төслүүдийг  хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой гэлээ. Энэ замуудыг тавихад дан ганц аймгийн хүч хүрэхгүй, тиймээс Хятадын талаас тусалж дэмжихийг хүслээ. Ер нь Сүхбаатар аймгийн зүгээс аль ч талаараа Хятад улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Шин Хаймин нь элчин сайдаар томилогдсоноосоо хойш Зүүн бүсийн аймгуудад хийж байгаа анхных нь айлчлал энэ юм байна.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ