Залуус сэтгэл өөдрөг, урам зоригтойгоор саналаа өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-24 21:35:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэсгийн хорооны сонгогчидтой уулзав.



Иргэн А.Саран: Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан идэвхтэй саналаа өгч байгаад баяртай байна. Залуу хүний хувьд энэ удаа ёс зүйтэй, өндөр чадвартай гишүүд сонгогдоно гэсэн итгэлээр сэтгэл өөдрөг, урам зоригтойгоор саналаа өглөө. Ингэхдээ нэр дэвшигч болон улс төрийн намыг шинжин сонгосон. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчийн боловсрол, ажлын туршлагыг харгалзан үзсэнээс гадна хүний зан чанарын хувьд хэр дайчин, ёс суртахуунтай хүн бэ гэдэгт анхаарлаа. Дөрвөн жилд ганцхан удаа болдог сонгуульд цаг зав сэтгэлээ зориулан, хариуцлагатай хандаарай хэмээн уриалж байна. 


Иргэн Д.Чинзориг: Энэ удаагийн УИХ-ын сонгууль бол ирж буй шинэ цагийн сонгууль хэмээн онцлон бодож байна. Иргэн бүр өөрийнхөө чин зүрхний дуудлагаар сонголтоо хийх цаг ирсэн. Тиймээс таны хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх, таны ирээдүйг бүтээх гишүүдээ сонгоорой хэмээн залуустаа уриалж байна.


Иргэн Т.Тэнгис: УИХ-ын сонгуульд анх удаа саналаа өгч байгаадаа сэтгэл дүүрэн байлаа. Өмнө нь би сонгуулийг урт цуваатай, их хүлээж байж саналаа өгөх болов уу гэж бодож байсан. Харин сонгуулийн үйл ажиллагаа бодож байснаас хурдан шуурхай байна. Мөн нэр дэвшигчдийн мэдлэг боловсрол, ажлын туршлагад анхаарч сонгосон тул сонголтдоо ч сэтгэл дүүрэн байна. Үеийнхээ залуусыг идэвхтэй байж, саналаа өгөөсэй гэж хүсэж байна. 


Иргэн Д.Сэмжид: Би бараг бүх сонгуульд саналаа өгч байсан. Энэ сонгууль их сайхан болж, залуучууд ч ихээхэн оролцож байна. Саналаа өгөхдөө нэр дэвшигчийн намтар болон ажлын амжилт, туршлагыг анхаарч сонголоо. Ард олон идэвхтэй оролцож, сонгогчдын ирц өндөр хувьтай гаргахыг хүсэж байна. Миний бие хэдий өндөр настай ч саналаа өгөх гэж ирлээ. Тиймээс залуусыг идэвхтэй байхыг уриалж байна. 


Иргэн С.Мажигсүрэн, Б.Амгалантөгс: Сонгуульд хүн бүр идэвхтэй оролцож, ард түмний сонголт зөв байг гэсэн үүднээс хос дээлээрээ гангарч ирлээ. Энэ удаагийн сонгуулийг өндөр түвшинд зохион байгуулж байна. Бидний хувьд сонголтоо хийхдээ улс төрийн намыг бус хувь хүн талаас нь чухалчлан үзсэн. Мэдлэг боловсрол талаас нь анхаарч, залуу хүмүүсээ дэмжлээ.


Иргэн Г.Байгал: Би гурав дахь удаагийн сонгуульд саналаа өгч байна. “COVID-19”-тэй холбоотой санал өгөх байранд дараалал их байна. Нэр дэвшигчийн сурталчилгааны материал болон цахим хуудсуудад тавигдсан бүх мэдээлэлтэй танилцсан. Тэр дундаа мөрийн хөтөлбөрийг чухалчлан үзэж саналаа өглөө.


И.Даваадорж
Холбоотой мэдээ