Санал авах байранд сонгогчид орж, гарахад бөөгнөрөл үүсэхгүй байхаар зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн санал авч буй энэ өдөр нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна.
Тэд УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах явцад "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас гаргасан журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тодруулбал, сонгуулийн санал авах хэсгийн хороодын байр, танхимд сонгогч иргэдийг орж, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсэхгүй байхаар зохион байгуулж байна. Тухайлбал, санал өгч буй иргэдийг хоорондын 1.5-2 метрийн зай барих, амны хаалт зүүх, хэсгийн хороодын байранд халдваргүйжүүлэлтийг сахиж буй байдлыг хянаж байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар санал авах байруудад байнга бус хөдөлгөөнт эргүүлээр ээлжлэн ажиллаж байна.