У.ЭРДЭНЭБАТ: ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ НЬ ХАРХОРУМ ХОТ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-06-22 23:43:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Энэ онд Монголын Эзэнт Гүрний эртний нийслэл Хархорум хотын 800 жилийн ой тохиож байна. Хархорум хот нь Өгэдэй, Мөнх хааны үед дундад азийн хамгийн том гүрэн Монголын нийслэл хот болон хөгжин цэцэглэж байсан юм. Сүүлд мөн Тогоонтөмөр хааны хүү Аюуширидара буюу Билэгт хааны үед “Умардын Юань” нэртэйгээр сэргэж байсан түүхтэй. Энэ талаар МУИС-ийн “Антропологи, археологийн тэнхим”-ийн доктор, судлаач У.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.


-Өнөөдөр Монголын ШУ-ны салбаруудаас амжилттай хөгжиж, олон улсын түвшинд судалгааны үр дүнгээ гаргаж яваа салбарын нэг нь археологийн судалгааны салбар. Энэ салбар Монголын эртний нийслэл Хархорум хотын судалгааны томоохон төслийг 20 жилийн өмнө амжилттай эхлүүлсэн. Эндээс яриагаа эхлэх үү?


-Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улсын нийслэл нь Хархорум хот гэдгийг хүмүүс сайн мэднэ. Бүхэл бүтэн зууныг ноёрхож асан энэ цаг үе бол Монголчуудын нэр сүрийг дэлхийн дайдад алдаршуулсан. Сүүлийн 70 шахам жилийн хугацаанд Хархорум хотыг гадны голдуу хөрөнгөөр тодорхой хэмжээгээр малтан шинжилж ирсэн. Гэвч судалгааны үр дүнг олон нийтэд, ялангуяа монголчуудад эх хэлээр нь танилцуулахад учир дутагдалтай байсан. Иймээс нэлээд хэдэн жилийн өмнөөс Монголын нэрт архелогич, доктор, профессор Д.Баярын удирдсан судалгааны баг, Германы археологийн экспедици хамтран Хархорум хотыг судлах ажлыг эхлүүлсэн. Энэ бүрэлдэхүүнд миний бие багтсан байдаг. Зөвхөн Хархорум төдийгүй Орхоны хөндийн сав газрын түүхэн дурсгалт газруудын нээн илрүүлэхээр ажилласан.


Ер нь бол Монголд археологийн чиглэлийн салбар анх үүссэн цагаасаа эхлэн олон улсын шинж чанартай хөгжиж байсан. Түүн дотроо Монголд хамгийн анх археологийн чиглэлээр судалж эхэлсэн газрын нэг нь Орхоны хөндий, Хархорум хотын бүтэц зохион байгуулалт, хаана бий эсэхийг судлахаар ажилласан. Тиймдээ ч манай оронд археологи, эртний судлал хөгжиж эхэлсэн тэр цэг нь Хархорум хотын түүхтэй салшгүй холбоотой.


-Таны “Монголын эртний нийслэл Хархорум” номын хоёр дахь хэвлэл энэ оны эхэнд уншигчдийн хүртээл болсон. Номын агуулгыг тодорхойлж хэлвэл...


-Тус номд Хархорум хотыг үүсгэн байгуулсан түүх, ид хөгжин цэцэглэлтийн үе, доройтож мөхсөн шалтгаан зэрэг бүхий л талын мэдээ баримт бий. Мөнхүү түүхэн эх сурвалжууд, археологийн олдвор, ховор нээлтүүд зэрэг олон талын мэдээллийг давхар багтааж өгсөн.


-Энэ жил Хархорум хот үүсгэн байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан ямар ямар ажлыг зохион байгуулж байна вэ?


-Сүүлийн хорь гаруй жилийн турш Монгол, Германы хамтарсан археологийн экспедици тун их үр бүтээлтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тиймээс юуны өмнө эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ хүмүүст хүргэх ажилд хамгийн их анхаарал хандуулж байгаа. Түүний нэг нь “Монголын эртний нийслэл Хархорум” ном гэдгийг дурдаж болно. Мөнхүү бид газар дээр ил буй археологийн үлдэцийг хамгаалахын зэрэгцээ, хүмүүст сурталчлан таниулах зорилгоор ил үзмэр болгох ажлыг Монголд анх удаа зохион байгуулсан. Түүнчлэн Хархорум хотод байсан бурхан шашны сүмийн үлдэцийн талбайн байршлыг судалж, малтах үйл ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд сүмийн суурь довжоо, шат, гишгүүр зэргийг ямар материалаар хийсэн зэргийг судалсан. Ингэснээр хүмүүс түүгээр зорчих, сүмийн байгууламжийг ямар хэмжээтэй байсныг үечилж ойлгох боломжийг бүрдүүлж, ил музей байгуулсан байгуулсан. Харин ил үзмэрийн дэргэд гадаад, дотоодын жуулчдад зориулсан мэдээллийн самбар байрлуулж өгсөн. Тиймээс ч хүмүүс мэдээллийг түргэн шуурхай авч болно гэсэн үг.


Ер нь бол Хархорум хот байрлаж байсан Одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум бол Монголын төв болсон газар бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг болдог. Ийм учраас эрдэмтдийн хийсэн судалгааны бүтээлүүд нэг ёсондоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болдог.


-Сүүлийн 20 жил хийсэн судалгааны нэгээхэн том үр дүн нь Хархорум музейг байгуулсан явдал мөн биз дээ?


-Тэгэлгүй яахав. Тус музейг Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан. Уг музей нь эртний нийслэл Хархорумын нэрээр нэрлэгдсэнээс гадна Орхоны хөндий, Хархорум хотын тууриас олдсон үнэт олдворуудыг дэлгэн үзүүлдэг, олон талт үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагыг хангасан түүх археологийн чиглэлийн анхны музей гэдгээрээ онцлогтой.  Байгуулагдаад арав шахам жил болж буй тус музейтэй Монголын төдийгүй Герман, Япон зэрэг орнуудын эрдэмтэд, судалгааны баг нягт хамтарч ажилладаг. Музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим, гадна үзэсгэлэнгийн талбайтай.


-Чингис хаан яагаад заавал Монголын эзэнт гүрний нийслэлийг Орхоны хөндийд байгуулахаар тунхагласан байдаг вэ?


-Энэ их чухал асуулт. Хүмүүс их асуудаг л даа. Гэхдээ Өгэдэй хаан зарлигаар барьж байгуулсан гэдэг. Үнэндээ бол 1220 онд Чингис хааныг сэрүүн тунгалаг байхад Эзэнт гүрний нийслэлийг нь Орхоны хөндийд байх ёстой хэмээн товлож тогтоосон байдаг. Энэ талаар түүхийн хэд хэдэн сурвалж дотор дурдсан нь бий. Гэхдээ хэрмээр хүрээлэгдсэн жинхэнэ хотыг барьж байгуулах ажил нь Өгөдэй хааны үед хэрэгжсэн.



Нүүдэлчдийн хувьд хотын соёлыг мэддэггүй, хотыг үзэн яддаг, зөвхөн эвдлэн сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан хэмээн хэсэг бүлэг түүхчид үзэж байсан. Гэтэл үнэндээ олон эрдэмтэд, олон жил явуулсан археологийн судалгааны бодит үр дүнгээр бол тийм биш. Монголын эзэнт гүрний үед дайн байлдаан, эвдрэл сүйтгэл болсны дараа тухайн хотыг хөгжүүлэх, эдийн засгийг тэтгэх талаар Монголчууд маш нарийн бодлого явуулж байсан олон баримт бий. Харин Төв Азид анхны төр улсыг Хүннүгийн үед байгуулсан бөгөөд Лүн буюу Луут хот нь Орхоны хөндийд байрлаж байсан гэх сурвалж бичгийн мэдээ бий. Мөн Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын ор үлдэгдэл, Хөх Түрэгийн хаант улсын Билгэ хаан, Куль-тегин жанжин тэргүүтэй хаад ихсийн тахилын онгон мөн олдсон. Тиймээс Орхоны хөндий нь монгол нутагт ээлж дараалан тогтнож байсан нүүдэлчдийн хүчирхэг төрт улсууд эзэн хааныхаа орд өргөөг үүтгэн байгуулж байсан уламжлалт газар орон гэж үздэг. Үүнээс харахад 13 дугаар зууны үеийн эзэнт гүрний Хархорум нийслэлийг Орхоны хөндийд барьж байгуулах болсон шалтгаан нь эртний нүүдэлчдийн үзэл санааны уламжлалыг дагасан хэрэг.


-ХАРХОРУМ НЬ МОНГОЛЧУУДЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛСОН ХОТ-


-Хархорум хотын түүхэнд гүйцэтгэсэн хамгийн чухал үүрэг нь юу байсан бэ?


-Энэ талаар бичсэн олон арван ном бий. Гэхдээ хамгийн чухал хэдэн хэдэн зүйл байгаа. Өгэдэй болон Мөнх хааны үед Хархорум хот ид хөгжин цэцэглэлтийн үедээ байсан. Гэтэл үүнээс хойш 1260 онд Монголын хаан ширээнд Хубилай, Аригбөх гэж хоёр хаан гарч ирсэн. Ах дүү хоёрын хооронд болсон энэхүү тэмцэл эцэстээ Аригбөхийн ялагдлаар төгссөн. Хубилай хаан 1271 оноос улсаа Юань гүрэн хэмээн нэрийдэж нийслэл хотыг одоогийн Хятад улсын Бээжин хотноо байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Хархорум хот урьдын хаадын төр барьж байсан үеийнх шиг хөгжин цэцэглэлтийн оргилд хүрээгүй. Үүнээс үзэхэд Хархорум нь Монголын эзэнт гүрний хамгийн хүчирхэг, үзэл санаа, эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон хот.


-Энэхүү нэгдмэл байдал, глобалчлал нь Хархорумд байсан шашны олон урсгалаас ч мөн харагддаг байсан гэх юм билээ. Тийм үү?


-Хотод байх шашин, сүм хийдийн амьдрал бол тухайн үед Хархорум зочилж ирсэн хүмүүсийн гайхшралыг төрүүлж байсан. Дундад зуун үед, ялангуяа европчуудын дунд шашин шүтлэгээрээ талцах, зөрчил маргалдаан багагүй гардаг байсан гэх нь бий. Харин манайд эсрэгээрээ байв. Хархорум хотод үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдийн талаар европ жуулчин Гльом де Рубрук “Янз бүрийн үндэстний дүрс тахигчдын 12 дуган, Махомедийн сургаалыг номлогч лалын хоёр сүм, хотын захад нь христийн нэг сүм оршдог”  хэмээн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг.  Үүнээс үзэхэд Хархорум хотод олон янзын шашны сүм дуган байсан ч хүн бүхэн өөр өөрийн шашныг шүтэж, номын элдэв зан үйлийг чөлөөтэй гүйцэтгэдэг байсан нь илэрхий. Хаадын баримталж байсан ухаалаг зарчмын нэг нь энэ. Тэд хэн нэгнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах үзлийг дэмжээгүй. Тиймдээ ч Хархорум нь хүн бүрийн шашин шүтлэгийн эрх тэгш байдлыг бий болгосон дэлхийд жишиг болохуйц анхны нийслэл хот байсан. Түүнчлэн Мөнх хааны үед олон шашны хооронд ном хаялцах мэтгэлцээнийг анх удаа зохион байгуулсан түүх ч бий.


-Дэлхийд анх удаа гэсэн үг үү?


-Дундад зууны үед онолын чанартай, энхтайван байдлыг эрхэмлэсэн мэтгэлцээн явуулсан нь анх удаа гэж хэлж болно.


-Мөнх хаан яг ямар зарчмаар уг ном хаялцах тэмцээнийг явуулсан хэрэг вэ? 


-Мэдээж шашин бүр өөр, өөрсдийн сургааль номыг бусдаас дээгүүрт үзнэ. Тиймээс л Мөн хаан сургааль номоо авчирч мэтгэлцээн явуулахыг зарлигдсан хэрэг. Харин нэгнээ ширүүн үгээр хараах, дайр доромжлохгүй байхийг онцлон анхааруулсан зарчим боловсруулсан. Рубрукийн тэмдэглэснээр уг маргаанд Христийн шашныхан давамгайлсан гэдэг. Гэтэл Мөнх хаан ялсан талд ороогүйгээр үл барам ялагдсан талыг нь илүүтэй өмгөөлж дуугарсан гэдэг.


-Ямар үг хэлсэн байдаг вэ?


-“Хүнд гарын 10 хуруу байдаг. Энэ нь урт, богино янз янз. Үүнтэй адил хүн болгонд өөр өөрийн шашин шүтэх эрхийг бурхнаас заяасан. Хүн аль нэг хуруугаа муухай гээд огтлоод хаячихдаггүй шүү дээ. Түүнтэй адил ямарч шашин шүтлээ гэсэн өөр өөрсдийн зам мөрөөр явах хэрэгтэй. Харин бид бол мөнх тэнгэрээ шүтдэг” хэмээсэн тухай сонирхолтой баримтууд бий.


-Мэдээж эртний их түүхтэйгээс гадна Хархорум хотын юу нь судлаачдын анхаарлыг тэгтлээ их татдаг вэ?


-Дундад зууны үед дэлхийд ноёрхож байсан эзэнт гүрний нийслэл нь Хархорум хот. Тиймдээ ч  тодорхой хугацаанд дэлхийн эдийн засаг, улс төрийн гол төв нь байсан хэрэг. Нөгөөтэйгүүр их хааны орд өргөө нь Хархорум хотод байрлаж байсан. Тэр ч утгаараа гадагш байлдан дагуулалт хийх, хязгаар нутгийн дарга, түшмэдийг томилох, эрх олгох зэрэг улс төрийн шинжтэй томоохон шийдвэрүүдийг гаргадаг байсан.


Нөгөөтэйгүүр Өгэдэй, Мөнх хааны үед баян чинээлэг, хөгжин цэцэглэсэн хот байсныг олон аялагч, эрдэмтэд сурвалж бичигт дүрсэлсэн байдаг. Энэ нь хаадын ухаалаг бодлогоос гадна, энэрэнгүй сэтгэлтэй холбоотой. Жишээ нь Персийн түүхч Рашида-ад-диний “Шашдирын чуулган”-д Өгэдэй хааны амьдралыг өгүүлсэн хэсэг олон бий. Тэдгээрээс дуун хөрвүүлэгч Го.Аким гуайн монголчилсон байдаг. Би нэгийг нь танд уншиж өгч болох уу?



-Тэгэлгүй яахав. 


-Нэг өдөр Өгэдэй хаан, Цагадайн хамт анд морджээ. Зам зууртаа усан дотор угаал үйлдэж суусан  лалын шашинтай хүнтэй тааралджээ. Энэ үед чанга хуультай байсан учир Их засаг хуулийг биелүүлэхдээ туйлийн чанга Цагадай түүнийг цаазлах гэсэн боловч Өгэдэй хаан “Дараа болъё. Бид ядарсан байна” гээд хэргийг шийдэхээ хойшлуулсан байдаг. Дараа нь өөрийнхөө доод талын хүнд сэмхэн үүрэг өгч “Орхон голын усанд өнөөх хүний орж байсан газарт алтан ембүү шидүүлээд” үг зааж өгсөн байдаг. Шүүх дээр “Би их ядуу зүдүү хүн. Голд өөрийнхөө өчүүхэн хөрөнгийг унагачихаад авах гэж байсан юм” гэж хэлээрэй гэж даалгажээ. Маргааш нь шүүх дээр мөнөөх лал хүн Өгэдэйн зааж өгснийг хэлжээ. Тэр хаан эзэнт гүрний их хааны хөрөнгийг усанд хийж яахин болох, ядарч зүдрэхийн эрхэнд ялихгүй зүйлийн төлөө өөрийгөө золиосолсон байна” хэмээн өгүүлээд түүнийг 10 алтан ембүүгээр шагнасан тухай сударт тэмдэглэгдэн үлдсэн.


Энэ мэтээр Өгэдэй хаан тансаг найр хурим хийдэг, худалдаачдын авчирсан бараа бүтээгдэхүүнийг хэлсэн, өртөгөөс нь илүү үнээр авдаг. Гар урчуудын хийсэн бүтээлийг онцгой үнэлж чаддаг байсан тухай мэдээ, баримт цөөнгүй бий. Тиймээс ч хааны өгөөмөр, энэрэнгүй сэтгэлд татагдсанаар богино хугацаанд ард иргэд, хол газрын худалдаачид хот руу цувж эхэлсэн байдаг. Ийнхүү худалдаа арилжааг дагаж богино хугацааны дотор Хархорум хотын суу алдар дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн гэж судлаачид дүгнэдэг.


-МӨНГӨН МОД ХААНЫ ОРДОН ДОТОР БАЙРЛАЖ БАЙСАН-



-Хархорум хотын бүтэц зохион байгуулалтын онцлог нь юу байсан бэ?


-Бүтэц зохион байгуулалтын хувь гэвэл хот суурингийн бүхий л шинжийг агуулсан. Хархорум хотын хэрмээр хүрээлэгдсэн хэсэг бол 1.8 квадрат киломерт талбайтай. Дөрвөн талдаа хаалгатай бө түүнээс салсан хоёр их гудамж бий. Энэхүү гудамжууд хотынхоо төв хэсэгт огтлолцдог. Мөнхүү янз бүрийн үндэстний хүмүүс нэгдэн суурьшиж байсан учраас өөр, өөрийн сүм хийдийг барьж байгуулах болсон. Тиймдээ ч олон янзын архитекторч байсан. Жишээлбэл Өгэдэй хааны их харшийг гэхэд л хятад архитекторчид хийж гүйцэтгэсэн байдаг. 1235 онд Өгэдэй хаан Хятадаас 1500 гаруй чадварлаг гар урчуудыг цуглуулан ирүүлж, орд харш байгуулах ажлыг даалгасан түүхтэй. Хархорум хотыг барьж байгуулахад шороо, шатаасан болон түүхий тоосго, мод, олборлосон чулуу зэргийг ашигласан байдаг.


-Монголчууд нүүдэлчин уламжлалтай байсан. Хаад ч мөн нэг газраа тогтвортой суурьших нь үгүй. Тиймдээ ч улиралын шинжтэй нүүж сэлгэдэг орд өргөө тусдаа байсан гэх юм билээ. Энэ тухай яриач?


-Монголын хаад Хархорумын эргэн тойронд дагуул маягийн жижиг хот олныг байгуулсан. Эдгээр хотууддаа улирлын шинжтэй байрладаг. Жишээ нь Хархорумаас нэг өдөрчийн зайтай Цагаан нуурын эрэг дээр харцага, шонхроор ан хийдэг орд байсан. Түүнийг нь лалын шашинтны урчууд хийсэн гэх мэтчилэн жишээ баримт бий. Ер нь хаан нийслэл дэх их харшдаа байнга сууж байсангүй. Аян дайнд мордохоос бусад үед Хархорумын орчин тойронд байгуулсан улирлын шинжтэй ордуудад жилийн турш нүүдэллэн амьдардаг байсан. Чухам тэр л үед олон ноёд хатдын суух орон барилга, төрөл бүрийн шашны сүм дуган баригдсан. Тухайн үеийн соёл иргэншилт олон орны элч төлөөлөгчид айлчлан ирж хаантай нүүрэлдэн уулзаж улс хоорондын харилцааны асуудлыг хэлэлцдэг байсан нь судар түүхнээ тэмдэглэгдэж үлдсэн.


-Газар газрын үндэстний хүмүүс, соёлын нөлөө нийслэлд байснаас үзэхэд олон янзын хоолны соёл дэлгэрсэн болов уу?


-Тийм. Хархорум хотын малтлагаас хөрс шороон дотор байгаа үр жимс, ургамлын үрийг судалдаг тусдаа салбар бий. Монголд тарьж ургуулж байсан 80 мянга гаруй ургамлын үрийг ялгаж судалсан. Хамгийн их олдсон усан үзэм. Ер нь тариалж болохыг нь орон нутагтаа тариалж, бусдыг нь дундад Азийн бусад орнууд болон Европоос экспортын замаар оруулж ирсэн гэж үздэг.


-Ер нь энэ олон үндэс угсаатан, өөр өөрсдийн соёлыг түгээж, нийслэлээс эзэнт гүрний газар бүрт хүртдэг өртөө тавигдсан зэргээс үзэхэд Хархорум нь тухайн үеийн метрополис хот байсан гэж үзэж болох нь ээ?


-Тийм шүү. Энэ тухай японы эрдэмтэн Сүгияма Масааки холимог маягийн хот гэж дүгнэсэн байдаг. Мөнхүү тэрээр өртөөний асуудлыг дүгнэж, метрополис хот хэмээж ач холбогдлыг нь тодорхойлсон. Учир нь Өгэдэй хаан улсынхаа төвлөрсөн засаг захиргааг бэхжүүлэхийн хамт, эзэнт гүрний янз бүрийн бүс нутгуудад тухайн орон нутгийн засаг захиргаа хийгээд албан татварын тогтолцоог хянах үүрэг бүхий өөрийн бие төлөөлөгчдийг томилон суулгасан нь улс хоорондын дотоодын байдлыг тогтворжуулсан хэрэг. Тиймдээ ч Хархорумыг Зүүнгар, одоогийн Казахстанаар дайруулан Ижил мөрний доод хөндийтэй холбосон өртөө зам байгуулсан нь түүний нэгэн том гавьяа гэж түүхчид үздэг.



-Ихэнх хүмүүс аль нэг номын хуудаснаас хааны ордонд байсан гэгдэх мөнгөн модны зургийг үзээд л Хархорум хот гэж таньдаг шүү дээ. Үүнийг тухайн үед Франц дархан урласан гэх юм билээ. Тус мод хааны ордны гадна байв уу, дотор нь байрлаж байсан уу?


-Хүмүүсийн зургаас үздэг мөнгөн мод бол хааны ордны гадна байдаг. Тус бүтээлийг XVII зууны үед Рубрукийн тэмдэглэлийг ном болгон гаргахад уг тэмдэглэлийг уншиж өөрийн төсөөллөөр ургуулан бодсон францын зураач Пиерре де Бержерон бүтээсэн юм. Гэвч тухайн үед бүтээсэн мөнгөн модны зураг, ордны дүрслэлийн аль аль нь Рубрукийн тэмдэглэлээс зөрдөг. Түүний тэмдэглэлээс үзэхэд мөнгөн мод ордны голд байсан гэдэг. Мөнгөн мод бол тухайн үеийн механик инженерийн гайхалтай бүтээл байсан. Орой дээрээ бишгүүр үлээж буй охин тэнгэрийн барималтай. Түүний доор могойн дүрс бүхий дөрвөн цорготой. Найр хурим болох үед мөнгөн модны цорго тус бүрээс вино буюу дарс, хар айраг, нөгөөгөөр нь зөгийн балны ундаа, бас нэгээр нь тутрагын эсгүүр ундаа бүхий дөрвөн төрлийн амтат ундаа гарч зочдыг дайлдаг байжээ. Рубрук тус модыг бүтээсэн франц дархан Гийом Бушьетэй тухайн үед уулзаж ярилцахад торхыг дор байрлуулж түүнээс мөнгөн модтой холбосон хэд хэдэн хоолой, босоо хөндлөн шугамуудыг газар доогуур хийжээ. Мөнхүү мөнгөн модны доод хэсэгт ганц хүн багтах өрөө байруулсан байна. Зочдод ундаа түгээх үед тусгай дохио өгөхөд нуугдаж буй хүн механик шахуургуудыг ажиллуулж эхэлнэ. Ингэснээр охин тэнгэр бишгүүрээ үлээж, цоргоноос амтат ундаан гардаг байсан механик ажиллагаа бүтээл байсан. Тиймээс ч энэхүү мөнгөн модны ямар нэг ул мөрийг олвол Хархорум хотын хааны ордныг оллоо гэсэн үг. Олон үеийн эрдэмтэд, археологичдийн мөрөөдөл юм даа. Одоо болтол олж илрүүлж чадаагүй л байна.

-1948 онд Оросын археологич Киселев бурхан шашны их сүмийн барилгын нурангийг хэсэгчилж малтаад үүнийг хааны ордон гэж эндүүрсэн байдаг. Тэгвэл Хархорумын бурхан шашны их сүмээс олдсон шүншиг нь ямар учиртай вэ?


-Бурхан шашны их сүмийг 1254 он буюу Мөнххааны үед анх барьж байгуулсан. Гэвч Юань улсын үе болох Буянт хаан, Тогоонтөмөр хааны үед уг сүм нь хуучирч муудсан учир улсаас тусгайлан хөрөнгө гаргаж засварласан түүхтэй. Эзэнт гүрний үед таван давхар, 300 чи өндөр онцгой сайхан барилга байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн. Тиймээс 90 метр өндөр томоохон сүм байсан нь илэрхий. Хамгийн сүүлд 1342-оос 1346 онуудад засварын ажил хийсний хойно маш сайхан үзэсгэлэнтэй сүм болсон. Үүний дараа хааны зарлигаар нэр хайрлаж, гэрэлт хөшөө босгосон. Тэрхүү гэрэлт хөшөө хүн бүрийн мэддэг чулуун яст мэлхийний нуруун дээр байрлаж байсан. Уг хөшөөнд сүмийг сэргээн засварлаж, хааны зарлигаар нэр оноосон үйл явдлыг монгол, хятад хэлээр бичсэн нь бий.



Харин шүнгийг 2014 онд суурийн дөрвөн булангийн дороос болон довжоон дээр баруун зүүн талаас нь гардаг шатны дороос тус бүр аравнайлж тавьсан шүншгийг нээж илрүүлсэн. Эдгээр нь дотроо олон янзын бэлгэдлийн зүйлстэй вааран сав. 2004 онд суурийн төв хэсгээс илрүүлсэн вааран савтай сүүлд олсон шүншгүүдийг байрлал зохион байгуулалтынг холбож үзэхэд зан үйлийн шинжтэй зүйл болох нь илэрхий байсан. Тэрхүү вааран сав дотроос тариа будаа, үр жимс, алтан утсанд боосон торго, алт мөнгөн зоос, оюу, гуулин хадаас зэрэг илэрсэн.  


-ХАРХОРУМ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААС БОЛЖ МӨХӨЛД ХҮРСЭН-



-Хархорумаас Тогоонтөмөр хааны хүү Аюуширидарагийн тамга олдсон. Энэ их чухал олдвор байх аа?


-1368 онд Юань гүрэн мөхсөний дараа монголчууд эх нутагтаа буцан ирж дахин Хархорумд төвлөрөн суусан. Үүний гэрч бол Монгол-Германы хамтарсан экспедицийн малтлагаар илэрсэн Аюуширадара хааны Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэлийн дөрвөлжин үсэгтэй, хүрэл тамга олдсон явдал юм. Уг тамга нь хүрлээр цутгасан дөрвөлжин ултай, орой руугаа шувтан хэлбэрийн гонзгой бариултай бөгөөд хүндийн жин нь 730 грамм байсан. Тамганы орой дээрх нангиад бичээст “Сюаньгуаны 2 дугаар оны 3 сар” гэсэн үгс бий.


-Энэ нь ямар учиртай вэ?


-Тамгыг 1372 оны үед үйлдсэн нь тодорхой болж байгаа юм. Тиймдээ ч тус тамга Юань гүрний сүүлчийн хааныг залгамжлагч Аюуширидара буюу Билэгт хааны үед холбогдож буй. 1368 онд Хятад орон дахь монголчуудын ноёрхол төгсөж, тэд умард дахь эх нутаг руугаа тэмцэж ирсэн. Энэ үед Хархорум нь монголын нийслэл хэвээрээ байсан. Тиймдээ ч Аюуширидара буюу Билэгт хаан Хархорумдаа эргэн ирж төвлөн суусан гэдэг. Тухайн үед “Сюаньгуан” хэмээх оны цол хэрэглэх болсон. Ийнхүү Хархорумыг дахин сэргээж “Умард Юань” гэж нэрлэх болсон. Энэ нь тухайн үед Монголын эзэнт гүрэн мөхөөгүй гэдгийн илэрхийлэл, тунхаг байсан.



-Мэдээж тухайн үеийн түүхэнд хэд хэдэн удаа ахин цэцэглэж хөгжсөн байдаг. Тэгвэл Хархорум доройтож мөхөх болсон шалтгаан юутай холбоотой вэ?


-Ярилцлагын эхэнд өгүүлсэн шиг монголын хаан ширээнд хоёр хаан гарч ирэн тэмцэлдэж нэгдмэл байдал үгүй болсноос хойш Хархорумын доройтох шалтгаан үүссэн. Гэхдээ мөхөх шалтгаан нь биш байв. Ард иргэд үгүй бол хот, хаант улс гэж байхгүй. Түүнтэй адил Хархорум хот эзгүйрснээр мартагдаж балгас болон хувирсан. Ийнхүү хаягдаж мөхөх болсон шалтгаан нь олон жил үргэлжилсэн дайн тулаанаас үүсэлтэй. Гэхдээ хамгийн чухал нь эдийн засгийн шалтгаан юм.


-Тодруулбал...


-Хархорумын орчимд газар тариалан ихээр эрхэлж байсан хэдий ч хүнсний гол бүтээгдэхүүн, ургамлын үрийг хятад орноос тээвэрлэн авчирдаг байсныг сурвалж бичгүүдэд тодорхой өгүүлсэн нь бий. Гэтэл монгол хаадын хятад дахь ноёрхол төгссөнөөс хойш урьдынх шигээ хотын оршин суугчдыг хүнсий хэрэгцээгээр хангаж чадахгүйд хүрсэн. Мөнхүү газар газрын уран дархчуудаар нийслэл хотоо сэргээн засварлуулахад хүчин мөхөсдсөн хэрэг. Ингээд л хаан ч тэр, харц ард ч тэр өнө эртний уламжлалаа дагаж уудам хээр талд нүүдэллэн амьдрахаас өөр замгүй болсон. Ингэснээр Хархорум хот орхигдоход хүрсэн.


-Эв нэгдэл гэснээс Абтай сайн хан монголчуудыг шашнаар нэгтгэхийн тулд Эрдэнэзуу хийдийг үндэслэн байгуулсан гэж зарим судлаачид дүгнэдэг. Энэ хийдийг мөн Орхоны хөндийд байгуулсан. Хархорумын тууриас ашигласан гэх нь ч бий?


-XVI зууны сүүлчээр Батмөнх Даян хааны ач хүү Абтай сайн хан ар халхад бурханы шашин дэлгэрүүлэхээр эртний их нийслэл Хархорумын суурин дээр Эрдэнэ зуу хийдийг 1586 онд байгуулсан. Үүнээс үзэхэд 1576  Хутугтай сэцэн хунтайж Түмэдийн Алтан хаан авгынхаа зарилагаар Хархорум хотоос ойрадуудыг хөөн зайлуулснаас хойш есхөн жилийн дараа Эрдэнэ зууг барьж байгуулсан байдаг. Тухайн үед эртний их нийслэлийн буурин дээрх барилгын хэрэглэгдэхүүнийг их хэмжээгээр ашиглан уг хийдийг барьж байгуулсан нь археологийн судалгаагаар нэгэнт тодорхой болчихсон. Тиймээс эртний их нийслэл Хархорумын түүх Эрдэнэ зуу хийдтэй хамт дахин мандан гарч ирж буй хэрэг юм.



-Хархорум хотын туурийг эхлэн судлах үеэс өнөөг хүртэл хэчнээн улсын эрдэмтэд уг ажилд оролцсон байдаг вэ?


-1870 онд Оросын эрдэмтэн О.Падерин гэдэг хүн анхны судалгааг хийсэн. Хархорумын байршлыг тогтоож, олон улсад зарласан ч туурь нь яг хаана байгааг тогтоож чадаагүй. Уйгарын эртний нийслэл Хар балгастай холбон үзэж байсан. 1889 онд монголд ирсэн эрдэмтэн Н.М.Ядринцев  Эрдэнэ зуу хийдийн дэргэд буй эртний хотын үлдэгдэл бол Хархорумын туурь гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр анх тогтоосон. Үүний дараагаар Хархорумын туурьд археологийн малтлага судалгаа анхлан хийсэн хүн нь мөн л Оросын судлаач Д.Д.Букинич. Тэрээр тухайн үеийн техникийн хүчин чадлаас хамаарч жижиг цооног малтсан бөгөөд өргөн талбайтай малтлага гүйцэтгээгүй. Гэвч хамгийн сонирхолтой Д.Д.Букинич үүнийг Хархорум биш гэж үзсэн.


Харин 1948 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан түүх угсаатны зүйн шинжилгээний анги өргөн талбайтай малтлага зохион байгуулж гүйцэтгэснээр энэ нь Монголын эзэнт гүрний анхны нийслэл Хархорум хотын үлдэц мөн болохыг биет олдвороор баталж чадсан. Энэхүү үйл ажиллагааг тухайн үеийн ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор С.В.Киселев, Монголын талаас манай ууган археологич Х.Пэрлээ удирдан явуулсан нь нямбай хийж гүйцэтгэсэн түүхэн малтлага, анхны дорвитой ажил болж чадсан. Үүнээс хойш Орос, Герман, Япон зэрэг орны судлаачид ажилласан. Одоо ч мөн үргэлжлүүлэн ажиллаж байгаа.



-Цаашид Хархорум хотын судалгаа болон, музейн бүтээн байгуулалтын асуудалд хамгийн түрүүнд ямар ажлыг онцлон хийх вэ?


-Хархорум хотын түүх, чухал нандин өв үзмэрийн талаар олон нийтэд сурталчлан таниулах, хайрлан хамгаалах сэдэл төрүүлэх ажлыг нэн түрүүнд онцолж байгаа.  Мөнхүү Хархорум хотын туурь оршиж буй одоогийн Хархорин сумын нутаг дэвсгэр дээр олон улсын стандартын дагуу мэдээллийн самбарууд байруулна. Энэ нь дотоод гадаадын жуулчид болон эрдэмтэн судлаачдад ч мөн хэрэгтэй. Өөрсдийн сонирхсон үзмэр болон, судалгааны ажилд хэрэг болохуйц олдворыг үзэхэд нэн их тустай. Тиймээс ч Хархорум хотыг цаашид улам гүнзгий судалж мэдэх нь монголын төдийгүй дэлхийн нийтийн ач холбогдолтой юм.


-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Түүхэн ач холбогдолтой, шинэ олдворын олзтойгоор эргэн уулзъя. Тэр үед би танд тавих асуулт, үзэг хоёроо бэлдчихээд хүлээж байя.


-За тэгэе, баярлалаа

Ярилцлагын гэрэл зургийг Т.Чимэгээ

Холбоотой мэдээ