Испани хилээ нээж, Германд халдвар дахин тархаж эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-22 10:56:34

ЛОНДОН. /BBC/. Европт коронавирусний халдварын тархалт хумигдиж, Европын Холбооны /ЕХ/ орнууд хорио цээрийн арга хэмжээгээ улам бүр сулруулсаар байгаа хэдий ч Германд R үзүүлэлт буюу нэг өвчтөнөөс халдварласан хүмүүсийн тоо дахин өсөж эхэлжээ.


Испани өмнөх гурван сарын турш хэрэгжсэн онцгой байдлыг цуцалж, Европын ихэнх орнуудын иргэдэд хилээ нээжээ. ЕХ, Шенгений бүсийн орнууд болон Их Британиас тус улсад ирж буй хүмүүс хоёр долоо хоногийн турш тусгаарлагдах шаардлагагүй болсон байна.


Гэсэн хэдий ч Испанид хүн хоорондын зай барих журмыг хэвээр үлдээжээ. Хүмүүс хоорондоо 1.5 метрийн зай барих ёстойгоос гадна, дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт заавал зүүх ёстой байна. Тус улсад ирж буй хүмүүсийн халууныг хэмжих бөгөөд жуулчид мөн “Covid-19”-өөр өвчилсөн эсэхээ мэдэгдэж, холбоо барих мэдээллээ үлдээх ёстой аж. “Бид болгоомжтой байж, эрүүл ахуйн журмыг чанд сахих ёстой" гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес хэлжээ.


Испанид 28300 хүн “Covid-19”-өөр нас барсан бөгөөд нас барсан тохиолдлын тоогоор Европын орнуудын дунд Их Британи, Италийн дараа гуравдугаарт орж байгаа юм. Тус улсын эрх баригчид гуравдугаар сарын 14-нд онцгой байдал зарлаж, хэдэн долоо хоногийн турш хорио цээрийн хатуу арга хэмжээ хэрэгжүүлсэн билээ.


Испанид жил бүр 80 сая жуулчин ирдэг бөгөөд энэ салбар нь тус улсын эдийн засгийн 12 гаруй хувийг эзэлдэг байна.


Герман: R тоо ба эсэргүүцлийн ажиллагаа

Роберт Кохагийн нэрэмжит Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, Германд R үзүүлэлт буюу нэг өвчтөнөөс халдвар авсан дундаж хүний тоо огцом нэмэгджээ. Уг үзүүлэлт бямба гарагт 1.79 байсан бол ням гарагт 2.88 болж өссөн байна. Энэ нь халдвар авсан 100 хүн бүрээс дахин 288 хүн халдвар авсан гэсэн үг юм. Өвчний тархалтыг үр дүнтэй хязгаарлахын тулд R тоо 1-ээс бага байх ёстой байна.


Кохагийн хүрээлэнгээс мэдээлснээр, асрамжийн газар, эмнэлгүүд, дүрвэгсдийн хуаран, тээврийн компаниуд болон мах боловсруулах үйлдвэрүүд, түүнчлэн улирлын чанартай хөдөө аж ахуйн ажилчдын дунд шинэ дэгдэлт гарчээ.


Германы Гёттинген хотын орон сууцны нэгэн цогцолборын оршин суугчдаас вирус илэрсний улмаас хорио цээр тогтоосны дараа оршин суугчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөний үеэр хэд хэдэн цагдаа гэмтсэн байна.


Хотын эрх баригчдын мэдээлснээр, хэсэг бүлэг оршин суугч тусгайлан барьсан төмөр сараалжаар дайран гарахыг оролджээ. Уг цогцолборын хоёр оршин суугчаас коронавирус илэрсний дараа 700 орчим хүн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас эхлэн тусгаарлагдсан бөгөөд нэг хоногийн дараа 120 оршин суугчаас вирус илэрсэн байна.


Үүний зэрэгцээ ням гарагт Нидерландын Гаага хотод хүн хоорондын зай барих журмыг эсэргүүцсэн жагсаал болж, цагдаа нар 100 орчим хүнийг баривчилжээ.


Хотын захиргаанаас эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг хориглосон ч төмөр замын буудлын ойролцоох төв цэцэрлэгт хүрээлэнд мянга орчим хүн цуглажээ. “Явахаас татгалзсан жагсагчдыг баривчиллаа" гэж хотын цагдаагийн газар твиттер хуудсандаа мэдээлсэн байна.


Бразил дахь халдварын байдал

Бразил улс нь “Covid-19”-өөр нас барсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж эхэлжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус улсад 50 мянга гаруй нас барсан бол халдвар авсан нийт хүний тоо 1 сая давсан байна.


Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн байдлаар 1000 гаруй хүн коронавирусний халдвараар нас барсан байна. Үүнээс гадна, өвчлөлийн тоо тус улсад хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд өдөр бүр 50 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа юм.


Бразилд халдварын оргил үе өнгөрөөгүй байгаа бөгөөд тус улс дэлхийн бусад улсаас илүү их хохирол амсаж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна.


Иранд нас баралтын үзүүлэлт өндөр байна

Ираны эрх баригчид гурав дахь өдрөө дараалан 100 гаруй хүн “Covid-19”-өөр нас барсан тухай мэдээлж байна. Өнгөрсөн өдөр 2368 шинэ тохиолдол илэрчээ.


Ойрхи Дорнодын орнуудаас цар тахалд хамгийн ихээр өртөөд буй тус улсад тавдугаар сарын эхээр нас баралтын тоо буурсан боловч сүүлийн долоо хоногуудад дахин нэмэгдсэн байна.


Иран халдварын хоёр дахь давлагааг даван туулж байна гэх мэдээллийг тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч няцаагаад эхний давлагаа оргил үедээ хүрээгүй байна гэж мэдэгджээ. Иранд 205 мянга орчим хүн коронавирусээр халдварласан байна.


Үүний зэрэгцээ Саудын Арабын эрх баригчид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сард тогтоосон бүх нийтийн хөл хорих цагийг цуцалжээ.


Холбоотой мэдээ