Гэр хорооллын бүсэд цогц төлөвлөлт хийхээр зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-20 09:05:59

Ховд /МОНЦАМЭ/. "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн хүрээнд гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, хашааны гадна тохижилт, цэвэр бохир усны шугам сүлжээ тавих зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. 

Тодруулбал, энэ жил гэр хорооллын айл өрхийн амины орон сууц, байшингийн дулаан алдагдлыг бууруулах зорилго бүхий дахин дулаалгыг 28 өрхөд хийжээ.    

Байшинд дулаалга хийснээр галлах давтамжийг 2 дахин бууруулдаг


Төсөлд хамрагдаж дулаалга хийлгэсэн айл өрхүүдийн байшингийн өнгө үзэмж сайжирч, галлах давтамж хоёр дахин буурсан. Энэ нь өрхийн санхүүд хэмнэлт үүсгэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн эдгээр айл өрхийн байшингийн дулаан алдагдал буурснаар цахилгаан халаалт хэрэглэх боломж нээгдэж байгаа аж. 

Баатархайхан багийн иргэн Н.Халтар хэлэхдээ: Манайх хашаандаа 10 гаруй жил амьдарч байна. Энэ жил "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн хүрээнд байшингийн дулаалга хийлгэсэн. Цаашид цахилгаан халаалттай болохыг зорьж байна. Цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ тавьж,  айл өрхүүд ч холбогдоод эхэлсэн. Манайх ч гэсэн тун удахгүй холбогдож, ая тухтай амьдарна гэж итгэж байна гэлээ. 

  

Төслийн хүрээнд цаашид гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбохоос гадна авто зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт зэргийг нэмэгдүүлэх цогц төлөвлөлт хийхээр зорьж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.



Холбоотой мэдээ